ДОРНОГОВЬ: Үндэсний номын баярыг "Илүү ихийг уншъя" уриан дор зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-31 10:43:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд-Үндэсний номын баяр-2023” үйл ажиллагаа энэ оны тавдугаар сарын 30-нд Сайншанд хотноо боллоо.

Үндэсний бичиг соёл, номын өдрийг “Илүү их уншъя” уриатай 33 дахь удаагаа Дорноговь аймагт тэмдэглэсэн бөгөөд номын баярыг иргэдийн дунд өргөн цар хүрээтэй тэмдэглэж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусыг сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Төв номын сангаас зохион байгуулсан.

Энэ жилийн номын баярын онцлог нь хүүхэд багачууд, уншигчдад ном илүү их уншиж сурч мэдэхийн сайхныг агуулснаараа сонирхол татсан гэж оролцогчдын төлөөлөл өгүүлсэн юм.

Номын баяраар шинэ номын худалдаа, үндэсний бичгийн үзэсгэлэн, хуруун хүүхэлдэйн үлгэр унших, Ноён хутагтын шүлгийг нийтээрээ унших, сонин содон болон англи номын үзэсгэлэнг олон  нийтэд хүргэлээ.

Мөн Болор цомын эзэн зохиолч, яруу найрагч Д.Галсансүх, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, хүүхдийн зохиолч П.Наранбаатар зэрэг зохиолчид урилгаар оролцож уншигч, хүүхэд багачуудтай уулзаж оюуны бүтээлээ  хүргэсэн.

Мөн 14 сумын соёлын төвийн номын санчид, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулав.

Ташрамд дурдахад, аймгийн Төв номын сан 2022 оны жилийн эцсийн байдлаар 31483 номыг 46700 иргэдэд хүргэж, 5000 номыг номын сандаа шинээр нийлүүлжээ.

Аймгийн Төв номын сангаас зарласан ардын уламжлалт соёл, ёс заншил, үндэсний бичиг үсэг, аман зохиол зэрэг хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүйд нөлөөлөх сонирхолтой дүрслэл, бүтээмжтэй “Том ном” бүтээх бүтээлийн уралдаанд 18 бүтээл ирүүлжээ.


Тэргүүн байрт Сайншанд сумын хүүхдийн VI цэцэрлэг, дэд байрт Замын-Үүд сумын III цэцэрлэг, гутгаар байрт Сайншанд сумын III цэцэрлэг тус тус шалгарав.Тусгай байрт Сайншанд сумын хүүхдийн I, II, XII цэцэрлэг, Дэлгэрэх сумын өндөр настан Д.Алтангэрэл, Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори II сургуулийн багш Х.Бямбатөмөр, Сайншанд сум иргэн Ц.Норжин нарын бүтээл шалгарсан аж.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд номын баярыг тэмдэглэв.

 

Related news