Хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмшихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-31 09:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад буй “Худалдаа хөгжлийн банк” компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "TDB" үсгэн кодтойгоор өнөөдөр эхлүүлж байна


Тодруулбал, СЗХ-ны 5 дугаар сарын 25-ны тоот албан бичгийн дагуу “Худалдаа хөгжлийн банк”-ны нийтэд санал болгон арилжсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ийнхүү эхлүүллээ


Мөн 5 дугаар сарын 29-нд "ХасБанк" ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээсэн. Ингэснээр системийн нөлөө бүхий 5 банк хувьцаагаа олон нийтэд гаргаад дуусаж байна.


Эргэн мэдээлэхэд, УИХ-аас 2021 нэгдүгээр сарын 28-нд “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулсны дагуу банкны салбар дахь системийн 5 банк олон нийтийн хяналттай, нээлттэй ХК болох үйл явц өрнөж, энэ салбар бүхэлдээ шинэ тогтолцоо руу шилжиж байна. Дээрх хуулиар энэ оны 6 дугаар сарын 30-ны дотор Хаан, ХХБ, Голомт, Төрийн болон Хас банкууд нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээж, нэр бүхий банкууд шат дараатайгаар олон нийтэд нээлттэй компани болж, банкуудыг хувьчлах үйл явцыг өндөрлөж байна.


Банкны системийн нөлөө бүхий 5 банкийг хөрөнгийн зах зээлд гаргаснаар энэ зах зээлийн нийт үнэлгээ 5-6 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгааг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлж байна. Улмаар Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ энэ онд 10 их наяд төгрөгийг давах төлөвтэй байна. Арилжааны банкууд олон нийтийн болсноор хөрөнгийн зах зээл 2-3 дахин тэлжээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёрхон жилийн өмнө 3 их наяд төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 9 их наяд төгрөгөөс даваад буйг СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдээлж байна.



Одоо хувьцаагаа гаргасан банкууд хувьцаагаа задалж, хуваарилалтаа хийх дараагийн үйл явц руу шилжиж байна. Үүний жишээнд "ХасБанк" ХХК орж байна. Тус банкны хувьд нэг хувьцаа эзэмшигч нь 20-иос дээш хувийг эзэмшдэггүй, ингэснээр эзэмшлийн 85 хувь нь олон нийтийн хараа хяналтад очиж байгаа юм.


Үүгээр тус банкны удирдлага болон үйл ажиллагаа зөв бүтэцтэй болж буйгаар онцлог байгаа аж. Энэ нь хувьцааны төвлөрөл бүхий өмнөх засаглалыг задалж, хувьцааны эзэмшил нэг хүн, хэсэг бүлэг хүмүүсээс хараат бус байх боломжийг бүрдүүлж байна. "ХасБанк" хувьцаагаа гаргаснаар хөрөнгө оруулалт болон зээлийн үйл ажиллагааг чанартай удирдахад анхаарахаа илэрхийлсэн. Энэ нь банкны үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт юм гэдгийг “Райнос инвестмент ҮЦК” ХХК-ийн дэд захирал Н.Цэвэгмид онцлон хэлж байна.

Related news