ХОВД: Энэ сард нийт нутгаар хур тунадас бага орох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-05 09:44:55

Жаргалант /МОНЦАМЭ/. 2023 оны 5 дугаар сарын цаг агаарын нөхцөлийн тойм мэдээнээс үзэхэд Ховд аймагт өнгөрсөн сард нийт нутгийг хамарч 562.7 мм хур тунадас оржээ.

Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 12-29 м/с хүрч шуурсан байна. 

Нийт нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал  болох хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж цухуйлт жигдэрсэн. Хялгана, ерхөг цухуйлтын үе шатандаа явж байна.

Ургамлын дундаж өндөр 1-4 см. Ургамлын ургалтын байдал Жаргалант, Чандмань, Дарви, Манхан, Мөст, Үенч, Алтай, Булган сумын нутгаар дунд, бусад сумын нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна. Нийт нутгаар сэрүүвтэр, өндөр уулын сумдын нутгаар шөнөдөө агаар хөрсөндөө хасах температуртай байгаагаас ургамлын ургалт удаашралтай байжээ.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас (бороо) багатай байх хэдий ч гэнэтийн аадар бороо орох өндөр магадлалтай. Иймээс иргэд үер усны эрсдэлээс сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй тухайн үеийн цаг агаарын мэдээг авч ашиглахыг зөвлөлөө.  

2023 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд тусгаснаар "агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1–3 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас 1–3 градус хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй" аж. 

 

Related news