Африк тив нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-09 14:21:26

ЛУСАКА. /Xinhua/.  Африк тивд нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа явж байна гэж Африкийн Холбооны /АХ/ Эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн дээд комиссар Альберт Мючанга пүрэв гарагт мэдээлжээ.  


Түүний хэлснээр, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох хүчин чармайлтын хүрээнд макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын шалгуурыг гишүүн орнуудын удирдагчид 2021 онд баталсан бөгөөд уг шалгуурыг Африкийн валютын хүрээлэн хэрэгжүүлэх ажээ. Тус хүрээлэнгийн төв байр Нигерид байрлах юм байна. 


АХ-г Африкийн валютын хүрээлэнг байгуулах асуудлаар нөөц бололцоогоо дайчлахад Африкийн хөгжлийн банк /AfDB/ хувь нэмрээ оруулна гэдгийг А.Мючанга нэмж хэлээд, улмаар уг хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа АХ-ны бүх гишүүн орон макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын хэрэгжилтийнхээ талаар илтгэнэ гэсэн байна.


Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Африкт өөр өөр мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа нь тив доторх худалдаанд саад болж байгаад санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ. Тэрбээр тус тивд төлбөрийн хэд хэдэн бүс нутгийн дэд бүтэц бий болсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу худалдааг хөнгөвчлөх нэгдсэн систем байхгүй, мөн янз бүрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж буй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хэлсэн байна.


Related news