ТӨВ: Р.Мягмарсүрэн: Анх 5 бүл зөгийг авч үржүүлээд өнөөдрийн байдлаар 100 гаруй бүлтэй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-26 08:32:03

Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд цэвэр зөгийн балыг нутгийнхандаа нийлүүлж буй Төв аймгийн Жаргалант сумын зөгийн аж ахуй эрхлэгч Р.Мягмарсүрэнтэй ярилцлаа.



-Энэхүү аж ахуйг эрхлээд хэдэн жил болж байна вэ? Анх эхлэх болсон шалтгаан юу байсан бэ?

-Нийт 12 жил зөгийн аж ахуйг эрхэлж байна. Анх Дэлхийн зөн олон улсын байгууллагынхан Жаргалант суманд ажиллах үеэрээ зөгийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэн байгаа эсэхийг асуусан. Миний хувьд тухайн үедээ 5 бүл зөгийг авч үржүүлээд өнөөдрийн байдлаар 100 гаруй бүл болон өсөн нэмэгдсэн байна.


-Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд зөгий үржүүлэхдээ юунд анхаарвал зохистой вэ?

-Зөгийгөө өвлийн улиралд дулаан байранд байлгаж, хоол тэжээлийг нь хангалттай өгдөг. Бороо болон шороо ихтэй бол бал цугларахдаа жаахан муу байдаг. Өвлийн улиралд хоол тэжээлийг нь сайн зохицуулж байх, зуны улиралд бэлчээрлэх газрыг зөв сонгох хэрэгтэй. Өвчилсөн тохиолдолд Монгол оронд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн бодисыг хэрэглэх нь зүйтэй. Ер нь хүүхэд шиг арчилгаа, анхаарал их шаарддаг.


-Хоол тэжээлийн хувьд ямар цэцэгсийг ихэвчлэн сонгодог вэ? Зөгийн балаар бүтээгдэхүүн боловсруулж үзсэн үү?

-Монгол орон маш олон төрлийн цэцэгстэй бөгөөд бал авах цэцэгсээс хамааран зөгийн балын өнгө, үнэр, амт нь хүртэл өөрчлөгддөг. Манай орны хувьд яргуй, рапс, бургас, монос, нохойн хошуу, ганга, мангир гэх мэт эрүүл мэндэд хэрэгтэй маш олон балт цэцэгс бий. Эдгээрээс ихэвчлэн балаа хуримтлуулдаг. Харин бид бүхэн өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүн туршиж хийж эхлээгүй байна. Харин хэлбэр хийцийн хувьд зүгээр нэг шилэн саванд савлах бус, зөгийн үүртэй балыг гаргаж авч байгаа. Энэ нь зөгийн балыг уусгаж хэрэглэдэг уламжлалт ойлголтоос гарч, идэх боломжтой болгож байгаа юм.


-Зөгийн үүртэй зөгийн балыг хэлбэр, хийцийг нь алдагдуулалгүйгээр яаж гарган авдаг вэ?

-Жаазныхаа хоёр талыг нь сул болгоод гол хэсэгт нь сэмж наачихаар зөгий өөрөө үүрээ засаад балаа цуглуулдаг.


-Сав баглаа боодол нь цэвэрхэн гоёмсог юм. Иргэдээс хэрэглэж дууссан балын савыг буцааж авдаг уу?

-Таг зөрөх асуудлууд их байдаг учраас саваа буцааж авдаггүй. Сав баглаа боодлоо байнга авдаг, хамтран ажилладаг газар бий. Манайх “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2022” үзэсгэлэн худалдааны “Шилдэг сав, баглаа, боодолтой мөнгөн богц бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан амжилттай.


-Үзэсгэлэн худалдаанд их оролцдог уу? Орон нутгаас баялаг бүтээгчдээ хэр дэмждэг вэ?

-Үзэсгэлэн худалдаанд алгасахгүй оролцдог. Орон нутгаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг санал болгож баялаг бүтээгчдээ дэмжиж байгаад тун их талархаж байгаа. Өнгөрсөн жил Сум хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр авсан. Аж ахуйгаа өргөжүүлж, аймгийн брэндийн дэлгүүр, МАК нарийн сухайтын уурхайд сард 100 кг зөгийн бал нийлүүлэх гэрээтэй ажиллаж байна.


-Зөгийн балын ач тус болон сөрөг зүйлсийн талаар товч мэдээлэл хүргэвэл?

-Зөгийн балын давуу тал их олон бий. Иймд товч хэдэн зүйлсийг дурдвал, биемахбодийг хамгаалж, улмаар хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүд үүсэхээс сэргийлдэг.

Элсэн чихрийг зөгийн балаар орлуулснаар цусны даралт буурахаас гадна дархлааг бэхжүүлж, стресс тайлдаг бөгөөд вирусийг сулруулдаг эм гэж ойлгож болно.

Зөгийн бал нь 300 гаруй ​микроэлементийн агууламжтай маш ойрхон байдаг бөгөөд хоол боловсруулалтыг идэвхжүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Харин сөрөг зүйл нь зарим хүмүүст зөгийн бал нь харшлын урвалыг өдөөж болно. 


Related news