БАЯН-ӨЛГИЙ: Бураатын даваанд саатсан 55 тээврийн хэрэгслийг чирч гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-29 14:45:19

Өлгий, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн хэд хоног үргэлжлэн орсон цасны улмаас Толбо сумын Хонгор өлөн багийн нутаг дэвсгэрт орших Бураатын давааны зам зорчиход хүндрэлтэй болж өчигдөр орой олон тооны тээврийн хэрэгсэл саатсан байна.


Тус зам нь Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын нэгэн хэсэг бөгөөд Өлгий хотоос 90 км, Толбо сумын төвөөс 20 км зайтай.


Тухайн хэсгийн замын арчилгааг хариуцдаг "Жол" компани цасыг цэвэрлэж байгаа. Мөн аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч 2 тээврийн хэрэгслээр өнгөрсөн шөнийн 23.45 цагаас эхлэн саатсан авто машинуудыг чирч гаргах ажлыг зохион байгуулж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.  


"Орсон цас өдрийн цагаар хайлж, орой хөлдөж байгаа тул зам дээр халтиргаа үүсэж байна. Үүнээс гадна жолооч нар ч хариуцлагагүй хандаж бэлэн байдлаа хангаагүй, ихэнх тээврийн хэрэгслүүд зуны дугуйтай явж байгаа нь саатал гарахад нөлөөлж байна. Одоогийн байдлаар замын цасыг цэвэрэлэсэн, тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж байгаа. Нийтдээ 55 тээврийн хэрэгсэл, 130 гаруй иргэнд тусламж үзүүлсэн" гэж албаны хүн хэллээ. 

Related news