Монголын ууган их сургууль 79 дэх удаагийн Эрдмийн баяраа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-19 16:49:44

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын ууган их сургууль МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жил, 79 дэх удаагийн эрдмийн баяр өнөөдөр боллоо.


Тус сургуулийг 1942 оны 10 дугаар сарын 5-нд үүсгэн байгуулсан бөгөөд МУИС-ийн ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхлан төгсөж байсан төгсөгчдөөс хойш өнөөдрийг хүртэл 82 жилийн түүхэндээ 79 дэх удаагийн Эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ хичээлийн жилийн Эрдмийн баяраар 1000 орчим суралцагч төгсөх юм.


МУИС-ийн Эрдмийн баяр нь Монголын шинэ үеийн төлөөлөл болсон залуу мэргэжилтэн, дээд боловсролтой иргэнийг нийгэмд бэлтгэж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, эрдмийн хамт олон, төгсөгчид, тэдний төрөл төрөгсөд, найз нөхдийн баяр бахархлын өдөр юм. Энэхүү өдөр нь төгсөгчдийн төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэг хүндийг өргөх, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтойг тус сургуулийн багш нар хэлж байна.


МУИС-ийн Оюутны хөгжил эрхэлсэн проректор Г.Галбаяр ярихдаа, “МУИС-ийн 79 дэх хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр бакалавр, магистр, докторын түвшний нийт 936 төгсөгч дипломоо гардан авч байна. Тэдний 78 нь гадаадын иргэд. Өнөөдөр төгсөж буй 936 төгсөгчийн 90 орчим хувь нь ажлын байранд шууд шилжиж буй тухай судалгааг аваад байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд МУИС-ийн төгсөгчдийн 90-ээд хувь нь ажлын байртай төгсөж байна. Төрийн яам, компаниудаас манай сургуулийн оюутнуудад гуравдугаар курсээс нь эхлэн ажлын байрны захиалга эрчимтэй ирдэг болоод байна” гэв.


Эрдмийн баярын үеэр зарим төгсөгчийн сэтгэгдлийг сонсов.


МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсөгч С.Номин: Өнөөдөр бид зөвхөн эрдмийн аяллаа дуусгахын тулд биш амьдралынхаа цоо шинэ нэгэн хуудсыг эхэлснийг тэмдэглэхээр цуглараад байна. Их сургуулийн жилүүд бидэнд эрдэм мэдлэгээс гадна тэсвэр тэвчээр, ололт амжилт, амьдралд хөтлөх их сургаалыг хайрласан. МУИС-ийн эрхэм оюутнууд, төгсөгчдийнхөө ололт амжилтаар үргэлж бахархаж явдаг. Тиймээс төгсөгч оюутнууд өөрсдийн сонгосон салбартаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 


А.Бат-Оргил: МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийг статистикийн мэргэжлээр төгсөж байна. Статистик тоо баримт бүх чиглэлд хөрвөх боломжтой учир манай улсад төдийгүй дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй байдаг. Миний хувьд мэргэжлээрээ ажиллах, эсвэл гадаадад магистрт суралцан мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байна. 


МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийг төгсөгч Х.Ариунгэрэл: Сонгосон мэргэжлээрээ суралцаж, төгсөлтийнхөө баярыг эмээдээ үзүүлсэндээ баяртай байна. Сургуулиа статистикийн хөтөлбөрөөр математикийн бакалавр цолтой төгсөж байна. Математикч мэргэжлээр хөдөө орон нутагт теллерээр ажиллах ч боломжтой. Би суралцаж байхдаа хувийн компанид ажиллаж байсан. Цаашид үргэлжлүүлж суралцана.


Ташрамд дурдахад, МУИС 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 100 мянга гаруй их сургуулийн боловсролтой мэргэжилтнийг бэлтгээд байна.




Related news