“Хүлэгүүд”, “Бишрэлт Металл”-тай аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалд өрсөлдөх хоёр баг тодорлоо.
Эхний баг нь “Хүлэгүүд”. Тэд шөвгийн наймын цувралд “Гарьдууд”-ыг 4:3-аар буулган авсан. Харин хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга “Уурхайчид”-ыг 4:1-ээр хожсоноор аваргын төлөө шалгарсан.
Тэгвэл “Бишрэлт Металл”-ын залуус шөвгийн наймд Сэлэнгийн “Бодонгууд”-ыг 4:0-ээр буулган авсан бол хагас шигшээд “АПЕС”-тэй долоон цуврал тоглолт хийж, 4:3-аар хожлоо. Ингэснээр аваргын төлөө тоглох эрхтэй болов.
Тэгвэл “Металл”-д хожигдсон “АПЕС”-ийн залуус хүрэл медалиар энгэрээ мялааж, 75 сая төгрөгийн эзэн болсон юм.
Аваргын төлөөх цуврал энэ сарын 9-нд эхэлнэ. Дашрамд дурдахад, дээрх хоёр баг финалд шалгарснаар Азийн аваргуудын лигт эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.