Архи зардаг цэг ус түгээдэг цэгээс 4 дахин их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:38:13

Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалддаг 358, үйлчилгээний 64, нийт 422 цэг үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс 175 цэг нь Арвайхээрт байдаг. Тус сумын хүн ам 30260 бөгөөд архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх нэг цэгт 172 хүн ноогдож байна гэсэн үг юм.

Аймгийн дүнгээр бол 266 хүн тутамд архи, согтуурлах ундаа худалдах, үйлчлэх нэг цэг ноогдож байна. Энэ нь ард иргэдэд ундны ус түгээдэг худагнаас 4 дахин их, бас ойр байгаа гэх тоог Цагдаагийн газраас мэдээллэлээ. Архи, согтууруулах ундааны цэгийн тооны өсөлт болон тухайн цэгийн эзэд, худалдагч нарын сахилга хариуцлага нь  гэмт хэрэг, зөрчлийн өсөлтөд шууд нөлөөлж  байдаг гэнэ.  УИХ, Засгийн газрын хууль тогтоомж, аймаг, сумын ИТХ-ын тогтоол,  Засаг даргын захирамжийг мэдсээр байж биелүүлэхгүй зөрчдөг, зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдсөн, шалгаж буй албан тушаалтыг элдвээр харааж зүхсэн, шаардлагыг биелүүлдэггүй, хариуцлагагүй гэгдэх байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 38 цэг байдаг аж.

Тэд ихэвчлэн согтуу хүнд болон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалахгүй байх, Баасан гаригт согтууруулах ундаа худалдахгүй байх заалтыг зөрчиж, таксины жолооч нартай сүлжээ үүсгэн шөнийн аль ч цагт цонхоороо худалдаа хийдэг, цоожтой хаалганы цаана үйлчилгээ явуулдаг гэнэ.

Уг байдалтай цагдаагийн алба хаагчид тэмцэж, тусгай зөвшөөрлийг цоолж сануулдаг болсноор байдал дээрдэж байгааг албаныхан хэллээ. Мөн хууль тогтоомж, хариуцлага чангарах тусам нийгэмд эерэг уур амьсгал бүрддэг болох нь Тамхины хяналтын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх байдлаас харагдаж байгаа тул “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн заалтыг ч чангатгаж өгөх нь зөв болохыг тус албаныхан хэлж байгаа юм.

Б.Батчимэг

 

Related news
Comments