“Хоббит” романы анх хэвлэсэн хувилбар 40 мянга гаруй ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-27 17:05:51

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 27 /BBC/. Их Британийн зохиолч Жон Р.Р.Толкины "Хоббит" романы анх хэвлэсэн хувилбар дуудлага худалдааны явцад анхны үнэлгээнээс гурав дахин өндөр үнээр буюу 31 мянган фунт стерлингээр (40 мянга гаруй ам.доллар) зарагджээ. 


Энэхүү ховор ном нь 1937 оны есдүгээр сарын 21-нд 1500 ширхэг хэвлэгдсэн байна. 


Уран зөгнөлт зохиолын номыг Беркшир дэх нэгэн байшингийн шүүгээнээс олсон бөгөөд байшингийн эзэн уг романыг хамаатан саднаасаа өвлөн авсан тул үнэ цэнтэй, ховор гэдгийг нь мэдээгүй байжээ. Зохиолч романаа анх хэвлэхдээ хар цагаан зурагт чимэглэлүүд, хавтасны зургийг өөрөө зурсан аж.


Эльфүүдийн хэлээр бичсэн Толкины бичээс бүхий “Хоббит” романы анхны хувилбар нь 2015 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар 137 мянган фунт стерлингийн үнэд хүрч (175 мянга орчим ам.доллар) байжээ.


Уг зохиолд хоббит Бильбо Бэггинс, шидтэн Гэндальф ба Торин Дубощит тэргүүтэй 13 одойн аяллын тухай өгүүлдэг. Тэд Смауг луугийн хамгаалж байдаг, одойчуудын алт эрдэнэс хадгалагдаж буй "Ганцаардмал уул" руу аялах замд романы үйл явдал өрнөнө.  

Related news