ДУНДГОВЬ: Нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц дунд зэрэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-05 10:15:38
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр 5 дугаар сарын 31-ний байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц дунд зэрэг байна. Тодруулбал, Эрдэнэдалай, Сайнцагаан, Сайхан-Овоо сумын зүүн, Говь-Угтаал сумын баруун, зүүн, Луус сумын хойд хэсэгт бэлчээрийн ургамал дунд зэрэг, бусад нутгаар ургамлын гарц муу байна.


6 дугаар сард тус аймгийн ихэнх нутгаар хур тунадас ОЖД-ийн орчим орох ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногт зарим нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, борооны өмнө салхи ширүүсч болзошгүй байгааг УЦУОШТ-өөс мэдээллээ.


Олон жилийн дунджаар Дундговь аймгийн хойд хэсгээр 20–30 мм, бусад сумын нутагт 10-20 мм хур тунадас ордог ба зарим жилд ОЖД-аас хэд дахин бага, зарим жилд хэд дахин их бороо ордог. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017–2020, 2022, 2023 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онд зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж байжээ.


Харин агаарын хэм 6 дугаар сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–3 хэмээр сэрүүн сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр 1-4 хэмээр дулаан байх төлөвтэй байна.

Related news