Бэлчээрийн хортон мэрэгч устгадаг шувуунд “суудал” хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-12 16:11:52

Хар Ус Нуурын Байгалийн Цогцолбор Газрын нутгаас Ховд аймаг нийт хадлангийн 50-60 хувийг бэлтгэдэг юм. Сүүлийн үед үлийн цагаан оготоно гэх мэт хортон мэрэгч ихсэж хадлангийн ургац буураад байгаа гэнэ. Ийм учраас бэлчээрийг хортон мэрэгчдээс хамгаалахын тулд махчин шувуугаар бариулж идүүлдэг  биологийн  үр дүнтэй аргыг тус цогцолбор газар  туршиж байна.

Хар-Ус нуурын БЦГ-ын Хязгаарлалтын бүс дэх бэлчээрийг Хортон мэрэгчдээс хамгаалах,махчин шувуудын амьдрах таатай нөхцлийг бий болгох зорилгоор “Шувууны суудал" бэлтгэж Буянт сумын нутагт байрлуулаад байна.

Махчин шувуу мэрэгч амьтнаа барьсны дараа  уулын оройд  эсвэл хаа нэгтээ хол очиж сууж иддэг нь маш их цаг зарцуулдаг болохыг байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд олж харсан байна.

Тэгвэл “Т” хэлбэрийн зориулалтаар барьсан шувууны суудал нь махчин шувуу мэрэгч амьтнаа бариад тухлан сууж, орчноо ажиглан идэхийн зэрэгцээ цаг хугацаа алдахгүй, нэг дор хэд хэдэн мэрэгч барьж идэх боломжийг бүрдүүлжээ.

Энэ шинэ туршилт бүхий  махчин шувууны суудлыг  Хар Ус Нуурын Байгалийн Цогцолборт газрын хадлангийн гол  бүс нутаг болох Буянт сум, нөгөө нь Чандмань сумын зүүн тал Дөргөний хүрэн тал буюу монгол бөхөнгийн бэлчээр хамгаалах зориулалтаар нийт 50 иад шувууны суудал хийжээ.

Энэ зориулалтын шувууны суудал дээр  ямар төрлийн  шувуу биологийн аргаар  хэрхэн үлийн цагаан огтоно устгаж байгаа судалгаа,үнэлгээг байгаль хамгаалагч нар тухай бүр ажиглалт хийх гэнэ.

Ховд аймгийн Хар ус нуурын Байгалийн Цогцолорт газар бэлчээрийг хортон мэрэгчээс хамгаалах биологийн энэ аргыг анх удаа  туршиж байгаа бөгөөд энэ нь нь цаг хугацаа, хөдөлмөр хэмнэх, үр дүнтэй  арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.

А.Бямбасүрэн

Related news