Үнэт чулуу олборлох газарт хүүхдийн эрх зөрчигдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-14 10:28:30

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажлын хэсэг Ховд аймгийн Цэцэг сумын Баян -Овоо багийн Цагаан эрэг багт ажиллаж гар аргаар алт, үнэт чулуу олборлодог иргэдийн нөхцөл байдалтай танилцаж, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг илрүүлэх, хүүхдийн ажиллаж, амьдарч буй орчинд нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.

Цагаан эрэгт жил бүрийн 3 дугаар сараас 10 дугаар сарын сүүлчийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Цэцэг, Алтай, Мөст, Булган сумд, түүнчлэн Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотоос 2000-3000 ажилгүй иргэд ирж хууль бусаар чулуу (вольфром) угааж өрхийн орлогоо олдог байна.

Хууль бус олборлолтын үеэр  эцэг эхээ даган 4-18 хүртэлх насны 200-300 орчим хүүхэд зуны улиралд урт хугацаагаар, бусад улирлын амралтаараа богино хугацаанд ажилладаг гэдгийг сум  орон нутгийн удирдлагууд, ард иргэд хэлдэг.

Судалгааны явцад эцэг эхээ даган Цагаан эрэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа 3 хүүхэд илэрсэн бөгөөд 0-5 хүртэлх насны 10 гаруй хүүхэд  тэнд байжээ.

Хууль бусаар чулуу олборлож байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд эмэгтэйчүүд усан дотор удаан хугацаагаар ажиллаж, эрэгтэйчүүд 3-20 м хүртэлх гүнзгий ухсан нүх рүү орж шороо гаргадаг бөгөөд өвлийн улиралд ч мөн адил гал түлж газраа гэсгээж тэндээ ажилладаг байна.

Цагаан эрэгт  эрүүл мэнд, ёс суртахууны хувьд сөрөг зүйл архидалт, хүчирхийлэл нэлээд гардаг нь  судалгааны явцад ажиглагдсан байна.

Иргэд өдөрт дунджаар 30,000-120,000 төгрөг олдог хэдий ч олсон орлогоо хуримтлал болгох зорилгоор биш зөвхөн зээлээ төлж, хүүхдийнхээ хичээлийн бэлтгэл хангах, оюутны сургалтын төлбөр төлөх зэрэг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг байна.

Мөн Хөшөөтийн уурхайн орчинд амьдарч буй айлуудад сургуульд хамрагдаагүй бага насны хүүхдүүд, нэлээд харагдаж байлаа.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаас гадна хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хөндөж  холбогдох газруудтай хамтарч ажиллах, судлах, нөлөөллийн ажил хийх зайлшгүй шаардлагатай байгааг олж харсан байна.

Бямбасүрэн

Related news