Д.Батцогт ард иргэдийн оролцоотой төрд хяналт тавьж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-14 10:31:25

УИХ-ын гишүүн асан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Нийгмийн бодлогын зөвлөх Д.Батцогт Ховд аймагт  ажиллаж,  Үенч Алтай Мөст сумдад  иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.

Тэрээр  өнөөгийн төр засгийн бодлого шийдвэрийн алдаа дутагдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо. Хэдийгээр ард иргэд нэгэнт сонголтоо хийж МАН-д саналаа өгсөн ч өмнөх  УИХ-аар ард иргэдийн амьдралд нийцүүлэн баталсан зарим хуулийг хүчингүй болгож байгаад харамсаж байгаагаа дуулгаж  байсан юм.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ардчилсан нам бусад улс төрийн намуудтай хамтран төр барихдаа хангалттай шүүмжлүүлж, эцэст нь  бас дүнгээ тавиулсан учраас өнөөдөр сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж эрх баригчдын амлалтыг нь хэрэгжүүлэхэд ташуур өгч ажиллах зорилттой байна.

Сонгуульд ялагдчихсан гээд ирэх дөрвөн жил зүгээр суух биш эрх баригчдын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд улс төрчийнхөө хувьд хөндлөнгийн хяналтаа тавьж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд нь  шударгаар дуу хоолойгоо гарган, хувь нэмрээ оруулан, шахаж шаардаж ажиллахаа хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл ард иргэдтэйгээ хамтран ажиллаж төрийн хяналтыг бий болгохын төлөө ажиллахаар зорьж байгаагаа хөдөөгийн ард иргэдэд  тэр дуулгалаа. 

А.Бямбасүрэн

 

 

 

Related news