“Цемент шохой” компани их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 10:53:25

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-иас бэлтгэсэн багц мэдээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хот дахь “Цемент шохой” компани хүний нөөцөө бэлтгэх бодлогын хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Тус компани нь цемент үйлдвэрлэлийн хуурай технологийн үйлдвэр ашиглалтад орсонтой холбогдуулан МУИС, ШУТИС, МУБИС, Уул уурхайн эрчим хүчний коллеж, “Дархан-Өргөө” политехникийн коллеж зэрэг сургуулиудаас барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, уул уурхай, хүнд машин механизм, үйлдвэрлэлийн механикжуулалт, ашигт малтмал боловсруулах технологи, үйлдвэрийн цахилгаан зэрэг мэргэжлийн 26 оюутанг үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, 267 оюутанд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгуулаад байгаа ажээ.

Хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-иас Хөтөл хотын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа оюун ухааныг хөгжүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕББДСургуулийн номын санд хүүхдийн ном хандивласан байна.

Тус компаниас хүүхдүүддээ зориулан бэлэглэсэн хүүхдийн 120 ном, сэтгүүлийн дийлэнх нь англи хэл дээр хэвлэгдсэн ном байгаа аж. Мөн эдгээр номууд дотор ховорт тооцогдох сонгодог зохиолууд, бестселлер номууд ч байгаа юм байна.

“Хөтөл” брэндийн цемент, шохой хэрэглэхийг уриаллаа

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хот дахь “Цемент шохой” ХХК-иас барилгын материал хэрэглэгч нартаа зориулан уриалга гаргажээ.

Тус үйлдвэр нь 2014 онд цемент үйлдвэрлэлийн хуурай аргын дэвшилтэд технологийг бүрэн нэвтрүүлж, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм. Ингэснээр MNS 974:2008 стандартчлалын тохирлын гэрчилгээтэй PC42.5, PC52.5, OPC42.5(15%) маркийн цемент болон MNS347:2002 стандартчилалын тохирлын гэрчилгээтэй 85 хувиас дээш идэвхжилтэй, 0-120 мм ширхэглэлтэй технологийн болон барилгын шохой үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой болсон байна. Иймд 2015 оны бүтээн байгуулалтын жилдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, “Хөтөл” брэндийн цемент, шохой хэрэглэхийг уриаллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news