Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий 5.3 сая ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-18 14:20:10

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 18 /CNN/. Дэлхийгээс олдсон Ангараг гаргийн хамгийн том хэлтэрхий  "Sotheby's" ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 5.3 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. 


“NWA 16788” дугаартай, 24.5 кг жинтэй уг хэлтэрхий нь том солиртой мөргөлдсөний дараа Ангарагийн гадаргуугаас тасарсан гэж таамаглаж байна. 225 сая км зам туулсны эцэст Сахарын цөлд унасан уг хэлтэрхийг солирын ангуучид  2023 оны 11 дүгээр сарын 16-нд Нигер улсын Агадес мужаас олж илрүүлжээ.


Олдворын жижиг хэсгийг "Викинг" сансрын аппаратаар Ангарагийн гадаргуугаас авчирсан дээжийн химийн найрлагатай харьцуулахад уг хэлтэрхий нь пироксен, оливин зэрэг эрдсүүд Ангарагийн гадаргуу дээрхтэй ижил бүтэцтэйгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. 


Дэлхий дээрээс ердөө 400 орчим Ангарагийн хэлтэрхий олджээ. "NWA 16788" нь тэдгээрийн хамгийн том нь бөгөөд хоёр дахь том хэлтэрхийнээс 70 орчим хувиар том ажээ.


Ангарагийн хамгийн том хэлтэрхийг долоодугаар сарын 13-нд дуудлага худалдаанд тавьсан байна. Үүнээс өмнө уг хэлтэрхий нь Италийн Ареццо хотод байрлах хувийн галерейд хадгалагдаж байсан бөгөөд 2024 онд Ром дахь Итали улсын сансар судлалын агентлагийн үзэсгэлэнд дэлгэж байжээ. "Sotheby's" дуудлага худалдааны ордон уг хэлтэрхийг худалдан авагч болон өмнөх эзэмшигчийн нэрийг нууцалсан байна. 

Related news