Израил, Сири хоёр гал зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-20 12:52:26

ИСТАНБУЛ, 2025 оны долоодугаар сарын 20 /ВВС/. Израил ба Сирийн талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай Туркт суугаа АНУ-ын элчин сайд, Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Том Баррак нийгмийн Х сүлжээний хуудсандаа мэдээлжээ.


Гал зогсооход АНУ, Турк, Иордан болон бусад хөрш улсууд дэмжлэг үзүүлсэн гэдгийг Америкийн дипломатч онцолсон байна.


Өнгөрсөн лхагва гарагт Израилын тал Сирийн нийслэл Дамаск хотод цохилт өгч, Сувейда мужаас Сирийн цэргийн ангиудыг гаргахыг шаардсан юм. Цохилт өгсөн нь Сирид амьдардаг араб хэлтэй друз үндэстний цөөнхүүдийг хамгаалах зорилготой гэж Израил мэдэгдсэн байна.  Сирийн өмнөд нутгийн Сувейда мужид сүүлийн долоо хоногийн турш байлдааны ажиллагаа өрнөж байгаа бөгөөд нэг талаас бедуин үндэстнүүд ба засгийн газрын цэргүүд, нөгөө талаас друзуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Энэхүү мөргөлдөөнд Израилын тал татагдан орж, Сувейда хотын орчимд болон нийслэл Дамаск хотод агаарын цохилт өгчээ.


Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах төвийн /SOHR/ мэдээлэлд дурдсанаар, мөргөлдөөний улмаас 370 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан байна.


“Друзууд, бедуинууд, суннитуудад хандан зэвсгээ хураалгаж, бусад үндэстний цөөнхтэй хамтран шинэ нэгдмэл Сири орныг цогцлоон байгуулахыг уриалж байна” гэж тусгай төлөөлөгч Т.Баррак бичжээ. Мөн Сирийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа гал зогсоосныг баталсан бол Израилын тал албан ёсны мэдэгдэл хийсэнгүй.


Мөргөлдөөн дэгдсэн тухайд, долоо хоногийн өмнө Сувейда мужид бедуин омгийн зэвсэглэсэн гишүүд друз үндэстний нэгэн эрэгтэй рүү халдаж түүнийг дээрэмджээ. Энэ хэрэг явдлын улмаас друзууд ба бедуинуудын хооронд зөрчил үүсэж, улмаас зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн байна. Дэг журам тогтоохоор Сувейда мужид ирсэн Сирийн засгийн газрын цэргүүд друз омгийнхны зэвсэгт отрядуудтай тулалдаж эхлэв.


15-ны өдөр Израилын тал друзуудыг хамгаалахын тулд Сирийн цэрэгт цохилт өгч эхэлсэн байна. Удалгүй өнгөрсөн пүрэв гарагт Сирийн цэрэг Сувейдагаас гарч эхэлжээ.   

Related news