Израилын цохилтод өртөн олон сэтгүүлч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 11 /CNN/. Газа хотод Израилын цэргүүд ням гаргийн шөнө цохилт өгсний улмаас зургаан сэтгүүлч амиа алдсан гэж “Аль-Шифа” эмнэлгийн захиргаа мэдээлжээ.
Израилын цэргийнхэн мэдэгдэхдээ, сурвалжлагч Анас Аль-Шарифыг ХАМАС бүлэглэлийг удирдсан хэмээн буруутгаж, түүнийг онилон хөнөөсөн гэсэн байна. Газа дахь “Al Jazeera” агентлагийн өөр нэг нэр хүндтэй сэтгүүлч
Мохаммед Крейке мөн цохилтын
үеэр амь үрэгджээ.
“Газа дахь хамгийн зоригтой
сэтгүүлчдийн нэг Анас Аль-Шарифыг хамтран ажиллагсдынх нь хамт хөнөөх тушаал нь Газын бүс нутгийг эзлэн авахын өмнө сэтгүүлчдийн дуу хоолойг хааж боох гэсэн цөхөрсөн оролдлого юм” гэж “Al Jazeera” халдлагын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
А.Аль-Шариф
амь үрэгдэхээсээ хэдэн
минутын өмнө олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Хэрэв энэ галзуурал дуусахгүй бол Газ балгас болж, ард түмнийх нь
дуу хоолой сонсогдохоо болж,
геноцидын чимээгүй гэрч болгон үлдэх болно” гэж хэлсэн байна.
Эмнэлгийн захирал, доктор Мохаммад Абу Салмиягийн хэлснээр, А.Аль-Шариф
амиа алдах үедээ бусад сэтгүүлчийн хамт “Аль-Шифа”
эмнэлгийн үүдний ойролцоох майханд байжээ. Цохилтын улмаас
долоон хүн амиа алдсан гэж М.Салмия
хэлсэн байна.
Харин Израилын Батлан хамгаалах хүчний /IDF/ зүгээс А.Аль-Шарифийг Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн үүрийг удирдаж, “Израилын энгийн иргэд болон цэргүүдийн эсрэг пуужингийн цохилт
өгсөн” гэж буруутгажээ. А.Аль-Шариф ХАМАС-тай холбоотойг “тодорхой нотлох” баримтуудыг IDF өмнө
нь үзүүлж байжээ. “IDF өмнө нь тагнуулын мэдээлэл
болон Газын зурвасаас олдсон олон баримт бичгийг олон нийтэд ил болгож, тэдгээр нь ХАМАС бүлэглэлд хамаатай болохыг нотолсон” гэж
цэргийнхэн цохилт өгснийхөө
дараа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Израилын цэргийнхэн А.Аль-Шарифыг
ХАМАС бүлэглэлийн гишүүн гэж
буруутгасны дараа тэрбээр
олон нийтийн сүлжээгээр дамжуулан хариу
илгээжээ. “Миний бие Анас Аль-Шариф нь улс төрд ямар ч холбоогүй сэтгүүлч гэдгээ дахин нотолж байна. Миний цорын ганц эрхэм зорилго бол
үнэнийг газар дээрээс нь, аль нэг талыг баримтлахгүйгээр мэдээлэх явдал юм. Газыг аминд халтай өлсгөлөн сүйтгэж байгаа энэ
үед үнэнийг хэлэх нь эзлэгчдийн нүдэнд
аюул заналхийлэл болж харагдаж
байна” гэж тэрбээр бичжээ.
Долоодугаар сард Сэтгүүлчдийг хамгаалах хороо /CPJ/ А.Аль-Шарифын аюулгүй
байдалд “ихэд санаа зовниж” байгаагаа мэдэгдсэн бөгөөд сэтгүүлч өөрийгөө “Израилын цэргийн гүтгэх кампанит ажлын” хараанд өртсөний дараа амь насаа
алдахаас эмээж байгаагаа илэрхийлсэн
байна. CPJ-ны мэдээллээр, дайн
хоёр жил орчмын өмнө эхэлснээс хойш Израилын цохилтод өртөн 186 сэтгүүлч амь үрэгджээ.