БАЯНХОНГОР: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-14 09:57:19

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ихэнх гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр явахгүй, баталгаатай зам гүүрээр зорчиж мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүллээ.


Баянхонгор аймгийн ажиглалт судалгаатай гол, нууруудын усны түвшин, мөсний зузааны мэдээг аймгийн УЦУОШТ-өөс ирүүлэв.


Өнөөдрийн байдлаар, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 65 см, мөсний зузаан 3 см, мөсөн захтай. Түй-Богд, усны түвшин 124 см, мөсөн зах, дунд зэргийн зайртай, Шаргалжуут усны түвшин 82 см, мөсний зузаан 22 см, битүү мөсөн бүрхүүлтэй. Орог нуур хатсан байдалтай байна.


Тэгвэл Хангайн нурууны өврөөс эхтэй Галуут сумын Цагаантуруут мөсний зузаан 42 см, ёроолдож хөлдсөн. Заг голын усны түвшин 286 см, мөсний зузаан 36 см, Байдраг-Байдраг голын усны түвшин 57 см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 10см байна. Байдраг-Баянбүрд голын усны түвшин 132 см, мөсний зузаан 3 см, мөсөн зах, өтгөн зайр тус тус ажиглагдаж байгаа бол Бөөнцагаан-Баацагаан нуурын усны түвшин 171 см, мөсөн захтай байгаа юм.


Гурванбулаг сумын Шар-Ус хатсан. Хөх-Нуурын усны түвшин 114см, мөсний зузаан 52 см битүү мөсөн бүрхүүлтэй байгааг Баянхонгор УЦУОШТ-ийн Ус судлалын салбараас мэдээлэв.

Related news