Фон дер Ляйен: Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-02 09:27:23

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /TASS/.  Европын удирдагчид болон Владимир Зеленский Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний талаарх хэлэлцээнд ахиц гаргасан гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ. 


“Өнөөдөр Владимир Зеленскийтэй үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, мөн Европын бусад удирдагчидтай уулзлаа. Бид сайн ахиц гаргасан бөгөөд энэ долоо хоногт саналуудаа танилцуулахаар төлөвлөж байна” гэж фон дер Ляйен Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.


Э.Макрон, В.Зеленский нар даваа гарагт буюу өчигдөр Парист хэлэлцээ хийжээ. Елисейн ордноос мэдээлснээр, уулзалтын үеэр тэд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф зэрэг Европын удирдагчидтай утсаар ярьсан байна. В.Зеленский сүүлийн хоёр долоо хоногийн дотор Францад хоёр дахь удаагаа, Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш арав дахь удаагаа айлчилсан нь энэ юм. 


АНУ, Украины төлөөлөгчид Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай АНУ-аас дэвшүүлсэн төлөвлөгөөг 12 дугаар сарын 1-нд Флорида муж улсын өмнөд хэсэгт хэлэлцсэн юм. АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф, Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцсон байна. Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Сергей Кислица нар багтжээ.

Related news