ХОВД: XX зууны эхэн үед хэрэглэж байсан сэлэм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-02 16:02:10

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн музейд хадгалж буй ховор үзмэрүүдийн нэг бол Ховд хотыг Манжаас чөлөөлөх тулалдаанд оролцсон цэргийн сэлэм юм.

1912 оны наймдугаар сард Ховд хотыг Манжаас чөлөөлсөн түүхтэй.  


Ховдын хязгаарын Өөлдийн Үйзэн гүний хошуу, Чандмань уулын аймгийн Наран хайрхан уулын хошууны Эрдэнэбүрэн хайрхан сумын иргэн Дэмбэрэлийн Гиваан 24 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт татагдан Ховд хотыг Манжийн эрхшээлээс чөлөөлөх дайнд оролцжээ. Тухайн үед энэ сэлмийг ашиглаж байв. 

Түүний хүүхдүүд 1971 онд сэлмийг орон нутаг судлах музейд хадгалуулахаар өгсөн юм. Өдгөө тус сэлмийг Ховд аймгийн музейн үзмэрт “монгол цэргийн сэлэм” нэртэй хадгалж, иргэдэд сурталчилж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, түүхэн үйл явдлыг үнэлэхэд тус сэлэм чухал ач холбогдолтой.  


Тус сэлмийг хийхдээ гууль, төмөр, мод, шир зэрэг материал ашиглажээ. Сэлмийн бариулын дээд хэсэгт цэцгэн хээг төмрөөр цоолборлосон. Бариулыг нь хар булгиараар бүрсэн. Хуйны дээд талд цэцгэн хээг цоолборлосон ба үзүүр хэсгийг нь шар өнгийн металлаар бүрсэн байна. Хуй нь оосор хийх төмөр гогцоотой. 


Уг сэлэм он цагийн хувьд XX зууны эхэн үед холбогдоно. Урт нь 80 см бол жин нь 1000 гр юм. Хуйны урт 68 см, бариулын урт 12 см байна. Бариулын мод нь хагарсныг ширээр боож тогтоожээ.


Related news