Израилын багуудыг тэмцээнээс хасах хүсэлтийг УЕФА хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-02 18:06:34

ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 2. /ТАСС/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ удирдлага Палестиныг дэмжиж буй улсуудын төлөөлөгчидтэй уулзаж, Израилын шигшээ багууд ба клубүүдийг тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд оролцуулахгүй байх механизмыг бий болгох асуудлаар зөвлөлджээ.  


The Athletic цахимд хуудсанд мэдээлснээр, Европын цомуудын тэмцээнд Израилын шигшээ ба клубүүдийг оролцуулах эсэх асуудлаар УЕФА есдүгээр сард санал хураалт явуулахаар төлөвлөж байсан боловч Израил, ХАМАС хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа уг төлөвлөгөөнөөсөө түр түдгэлзсэн байна.


Гэсэн хэдий ч Палестины байр суурийг дэмжиж буй УЕФА-гийн гишүүн холбоодтой хийж буй уулзалтууд үргэлжилсээр байгаа ажээ. Нэгэн уулзалтын үеэр тус холбооны төлөөлөгчдийн зүгээс хүний эрхийн асуудлаар дагнасан шинжээчдийн дүгнэлтийг сонсох санал гаргасан байна.


Түүнээс гадна Ирланд болон Швейцарын шүүхэд гаргасан хоёр нэхэмжлэлийг хэлэлцэж буй үйл явцыг УЕФА анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нэхэмжлэлүүдийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан тус холбоо олон улсын эрхзүйн хүрээнд Израилын багуудын оролцоог хязгаарлахаар төлөвлөж байгаа бололтой.  


Саяхан Ирландын хөл бөмбөгийн холбоо Израилыг Европын цомын тэмцээнүүдээс хасах шаардлага бүхий албан ёсны өргөдлийг УЕФА-д гаргахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Тус холбоо хуульэрхзүйн үндэслэлээ тайлбарлахдаа УЕФА-гийн дүрмийн хоёр заалт зөрчигдсөнийг онцолжээ. Тодруулбал, УЕФА-гийн зүгээс арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэхэд чиглэсэн үр дүнтэй бодлого явуулахгүй байгаа бөгөөд “эзлэгдсэн Баруун эргийн хууль бусаар байгуулсан суурингуудад Палестины хөл бөмбөгийн холбооны зөвшөөрөлгүйгээр хөл бөмбөгийн клубүүд байгуулах боломжийг Израилд олгож байна” гэж буруутгасан байна.   


Швейцарт мөн үүнтэй төстэй үндэслэлээр ойрын хоёр долоо хоногийн дотор шүүх хурал болох гэж байгаа ажээ.


Телевизийн RMC Sport сувгийн мэдээлснээр, хэд хэдэн үндэсний холбоод УЕФА-д хандан Израилын багуудыг тэмцээнээс хасах хүсэлт гаргасан байна. The Times сонинд бичсэнээр, Европын зарим клубийн удирдлага УЕФА-гийн төлөөлөгчидтэй холбогдон, Европын цомуудын тэмцээний явцад Израилын багуудтай учраа таарахгүй байх боломжийг асууж тодруулжээ. 

Related news