Хиймэл оюун сэтгүүлчийн өдөр тутмын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэх боломжтой түвшинд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-17 15:59:55

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. СУИС, Ц.Балдорж сангаас гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.


Энэхүү эрдэм шинжилгээний хурал сэтгүүл зүйн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна, ямар асуудлууд тулгамдаж байна тэдгээрийг хэрхэн шийдэх боломжтой вэ? гэдгийг сэтгүүлчид болон сэтгүүл зүйн судлаачид хамтран хэлэлцэх зорилготой юм. 


СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд илтгэлдээ,  “Монгол Улсад төрийн байгууллага хэвлэлийн төлөөлөгчтэй болж, хэвлэл мэдээллийн алба, хэлтэс, төвтэй болон өргөжиж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн салбар ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг судлан гаргахыг зорьсон” хэмээн дурдлаа.


Мөн тэрбээр, судалгааны дүнгээс харахад төрийн байгууллагын дэргэд хэвлэл мэдээллийн алба бий болсон. Энэ нь 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдөж байгаа ч нөгөө талаас олон хүчин зүйлийг анхаарч үзэх шаардлагатай  байна. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон нь зүй ёсны хэрэг. Учир нь төр өөрөө хэвлэлтэй болбол хэвлэлийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл алдагдах эрсдэлтэй. Гэхдээ нөгөө талаас төрийн байгууллагууд яагаад хэвлэл мэдээллийн албатай болж байгаа шалтгааныг зайлшгүй судлан тогтоох шаардлагатай. Үүнийг илтгэл, судалгаагаар дүгнэх боломжгүй. Иймээс төр яагаад “хэвлэлтэй” байна вэ гэдгийг цаашид салбар хоорондын өргөн хүрээтэй судалгаагаар тодруулах дүгнэлтэд хүрч байна. Үүнд сайн болон сул талууд аль аль нь бий. Өнөөдөр чадварлаг, боловсролтой, мэргэжлийн сэтгүүлчид төрийн байгууллагад ажиллаж байгаа. Үүнд цалин хөлс, ажлын орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Нөгөө талаас мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, сошиал орчин, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 6000 орчим нийтийн мэдээлэл эзэмшигч мэдээллээ ил тод байлгах үүрэгтэй болсон нь төрийн байгууллагыг өөрийн мэдээллийн бүтэцтэй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс төр ба хэвлэл мэдээллийн харилцаа, төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албаны асуудлыг илтгэлээр сайн, муу гэж дүгнэх боломжгүй. Цаашид нарийвчилсан, салбар дундын судалгааг зайлшгүй хийх шаардлагатай” гэв.


МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор Н.Ариунзаяа илтгэлдээ, “Хиймэл оюун хурдацтай хөгжиж буй өнөө үед хамгийн их нөлөөнд өртөж буй салбарын нэг  сэтгүүл зүй болоод байна. Тиймээс хиймэл оюуны нөлөөн дор мэдээллийн үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн дасан зохицох асуулт тулгарч байна. Нөгөө талаас үүсгэгч хиймэл оюун сэтгүүлчийн мэргэжлийг орлох вий гэсэн айдас, түгшүүр салбарынхан дунд бий. Ийм нөхцөлд хиймэл оюун ба сэтгүүлчийн харилцаа, тэд хэрхэн зэрэгцэн орших, дасан зохицох боломжийг тодорхойлох шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд дэлхийн сэтгүүл зүйн судлаачид уг асуудлыг хэрхэн харж, судалж байгааг нэгтгэсэн системчилсэн тойм хийсэн. Үүнд, “Web of Science” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний цахим санд нийтэлсэн өгүүлэлд тулгуурлан судалгаа явуулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд хиймэл оюун сэтгүүл зүйн салбарт гүн нэвтрээд байна. Сэтгүүлчийн өдөр тутмын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэх боломжтой түвшинд хүрчээ. Өдөр тутмын, механик шинжтэй, хэвшмэл болсон ажлыг хиймэл оюун бүрэн орлох чадвартай болсон” хэмээн дурдлаа.


Мөн “Ройтерс” институтын 2024 онд явуулсан хиймэл оюуны судалгаанд 70 орны 200 гаруй сэтгүүлч хамрагдаж, оролцогчдын 80-аас дээш хувь нь өдөр тутмын үйл ажиллагаандаа хиймэл оюуныг ашиглаж байна. Тэдний талаас илүү хувь нь хиймэл оюун сэтгүүлчийн ажилд хүчтэй нөлөө үзүүлж байгааг онцолсон. Түүнчлэн 10 сэтгүүлч тутмын 8 нь хиймэл оюуныг редакцийн түвшинд хэрхэн ашиглах талаар тодорхой удирдамж, зааварчилгаа шаардлагатай гэж үзжээ. Харин 2025 оны гуравдугаар сард Италийн өдөр тутмын консерватив чиглэлийн сонин бүтэн нэг дугаараа ямар ч сэтгүүлчийн оролцоогүйгээр хэвлэсэн жишээ бий.







Related news