БАЯНХОНГОР: Шашны томоохон үйл ажиллагааг энэ сарын 13-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-07 10:23:04
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ламын гэгээний хүрээ хийдээс 100 жилийн дараа буддын гүн ухааны дээд цол буюу лхаарамба цол хүртсэн Ж.Ванданцэрэнг аймгийн удирлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.

Баянхонгор аймгийн Ламын гэгээний Гонгандандэдлин хийдийн шавь, Дашчойнпэл дацангийн гавж Ж.Ванданцэрэн 2002 оноос Энэтхэг улсын Балдан Брайвүн Даш Гоман дацанд шавилан сууж, буддын гүн ухааны таван их ботийн номд суралцан 16 зиндааг дүүргэжээ. Үргэлжлүүлэн Гэвш Лхаарамбын зургаан жилийн шалгалтыг амжилттай өгч, 2025 оны 11 дүгээр сард Гэвш Лхаарамбын хурлаа хуруулан, дамжаагаа барьж "Лхаарамба" хэмээх эрдмийн цолыг хамгаалсан байна.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат хэлэхдээ, “2025 он Баянхонгор аймгийнханд ээлтэй сайхан жил байлаа. Улсын наадмын хурдан азарганы түрүү, үндэсний бөхийн түрүүг хүртсэн. Бусад төрлүүдэд ч амжилт дүүрэн байлаа. Мөн төрөлх нутгаас маань 100 жилийн дараа буддын шашны дээд цолтон төрсөнд нутаг олноороо бэлгэшээж байна” гэдгийг онцолж байв.

Лхаарамба гэдэг нь Төвөдийн буддын шашинд олгодог хамгийн дээд боловсрол-эрдмийн цол юм. Утга бэлгэдэл нь “Лха” – дээд, тэнгэрлэг, “Рамба” – хамгийн дээд зэрэг буюу “Хамгийн дээд эрдэмд хүрсэн” гэсэн утгатай нэршил.
Лхаарамба цолыг Гэлүг (шарын шашин) ёсны гүн ухааны дээд шалгалтыг амжилттай давсан ламд олгодог бөгөөд орчин үеийн ойлголтоор докторын зэрэгтэй дүйцэх хэмжээний цол юм байна.

Лхаарамба Ж.Ванданцэрэн энэ сарын 13-нд төрөлх нутгийнхаа лам хуврагуудыг нэгэн дор хуруулан, уншлага номоо айлдах шашны томоохон үйл ажиллагааг Ламын гэгээний Гон Гандан Дэдлин хийд, аймаг орон нутаг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Related news