БАЯНХОНГОР: Бодит судалгаа мэдээлэлд үндэслэн утааг бууруулах цогц ажлыг төлөвлөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Г.Энхбаяр нар утааг бууруулахад хамтран ажиллах талаар Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат болон багийн дарга нартай уулзлаа.
Аймгийн төвийн нийт өрхийн бодит судалгаа мэдээлэлд үндэслэн утааг бууруулах цогц ажлын төлөвлөлтөд оруулан хэрэгжүүлэхээр аймаг орон нутаг ажиллаж буй.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга, "Утааг бууруулах аймгийн үндсэн бодлого зорилттой Баянхонгор сум салшгүй нягт уялдаж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Үүнд багийн дарга нарын үүрэг оролцоо чухал. Нэг сарын дотор хариуцсан баг багийнхаа яндангийн тоо, өрх нэг бүрийн цахилгаан, дулааны хэрэглээ, дулаалга, дулаан алдагдал зэргийг үнэн зөв тодорхойлж, иргэдийн оролцоонд тулгуурлан санал хүсэлтийг нь нэгтгэн, дүгнэлт танилцуулаарай" хэмээн сумын удирдлага, багийн дарга нарт үүрэг болгон, утааг бууруулах ажилд санал санаачилгатай хамтран ажиллахыг сануулав.
Баянхонгор аймаг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бүрдүүлэн, хэрэглээнд түлхүү оруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, дулааны станц угсралтын ажлыг үргэлжлүүлэх, дулааны станцын хоёрдугаар хэлхээг явуулах, Дорноговь, Хөвсгөл аймгийн сайн туршлагыг судлан нэвтрүүлж, дахин нэг эх үүсвэр бий болгон, уурын зуухуудыг дахин дамжуулах байдлаар ашиглан яндангийн тоог цөөлөхөөр ажиллаж байна.
Мөн аймгийн төвд өнгөрөгч онуудад байгуулсан 25.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн шугам сүлжээнд өрхүүдийг хүртээмжтэйгээр холбох, гэр хороололд дахин төлөвлөлт оруулах зэргээр олон талт ажлыг өрнүүлж, иргэн-төр, бизнес эрхлэгчид зэргээр бүх талтай хамтран ажиллаж байж үр дүн гарна хэмээн тооцоолж буйгаа мөн үеэр албаныхан танилцуулж байлаа.
Ulaanbaatar