БАЯНХОНГОР: Нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, оны эхний уулзалтаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хийлээ. Уулзалтад аймгийн Засаг дарга Э.Энхбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бямбасүрэн нарын зэрэг албаныхан оролцов.
Монгол Улсын Засгийн газраас Баянхонгор аймгийн хоёр сайн ажил буюу жишиг амбулатори, "Жаргалтай амьдрал" төвийн үйл ажиллагааг аймгуудад нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгааг уулзалтын эхэнд Засгийн газрын гишүүн онцолсон. Мөн агаар орчны бохирдол ихтэй, ханиад уушгины өвчлөл ихтэй байгаа цагт аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардууллаа. Уушги цэвэрлэх, цэр сорох үйлчилгээтэй аппаратууд нь бүх насны иргэдийн амьсгалын зам, уушгийг цэвэрлэж, цэр ховхлон сорох өндөр үйлчилгээтэй байна. Мөн үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эмч, сувилагч нарт Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгийг гардуулсан байна.
Улсад жишиг болсон эмнэлгээ хүлээж аван, үйл ажиллагаагаа төрөлжүүлэн, иргэдэдээ чирэгдэл хүлээгдэл аль болохуйц үзүүлэхгүйгээр тусламж үйлчилгээгээ үзүүлж буй эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцуулах, туршлага судлуулах боломжтой гэдгээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын төгсгөлд онцлоод, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.
Ulaanbaatar