БАЯНХОНГОР: Музейн барилгыг шинэчлэх саналыг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамыг яамны удирдлагуудын хамт Баянхонгор аймагт /2026.01.11/ ажиллах үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат хүлээн авч уулзав.
Уулзалтын хүрээнд Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын өнөөгийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухайд талууд санал солилцлоо.
Тодруулбал, соёл урлагийн үйлчилгээг тодорхой хэмжээнд төлбөржүүлэн, орлого бүрдүүлэх боломж бий болгох, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, гарцын тухайд салбарын сайд бодлого, байр сууриа илэрхийлж, улсын чанартай спортын олон том наадмыг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, улсад жишиг байдлаар үйл ажиллагаагаа таниулж чадсаныг сайд уулзалтын үеэр онцолж байсан.
Мөн үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат олон насжилттай музейн барилгаа шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхмйлсэн бөгөөд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, “Аймаг орон нутаг музейн зургийг номын сан бүхий музейн цогцолбор байдлаар байгуулахаар зураг төсвөө шинэчлээд ирвэл салбарын сайдын хувиар ирэх оны улсын төсөвт дэмжих болно” гэдгийг мэдэгдсэн юм.Шаргалжуутын чиглэл, Галуутын хавцал, Хүрээмаралын энергийн цэг, хангай говийн чиглэлд тавигдах авто зам дагуулан бүс нутгийн аялал жуулчлалаа хөгжүүлэхээр зорьж, гарц гаргалгаануудаа тодорхойлж буй Баянхонгор аймгийнхны санал санаачилгуудыг салбар яамнаас дэмжиж, бодлого арга зүйгээр ханган ажиллахаа яамны удирдлагууд илэрхийлж байв.
Ulaanbaatar