БАЯНХОНГОР: Эхчүүд амаржих орчныг олон улсын жишигт нийцүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эхчүүдийн амаржих орчин нөхцөлийг олон улсын стандарт жишигт нийцүүлэхээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн байрыг бүрэн засварлаж байна. Барилгын завсарын ажил 60 шахам хувийн гүйцэтгэлтэй байна.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн их засварын ажлын явцтай Засаг дарга Э.Энхбат өнөөдөр танилцаж, эмнэлгийн удирдлагатай санал солилцсон юм.
“М-Си-Эс” ХХК нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд тус тасгийг иж бүрэн шинэчлэхээр болж, их засварын ажлыг өнгөрөгч оны 11 дүгээр сарын сүүлээр сонгон шалгаруулалтыг зарлан “Номин ундрах өргөө” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ.
Гурван давхар барилгын 1774.08 м.кв талбайд иж бүрэн засвар хийхдээ гадна дотор фасад, сангийн шугам, цахилгааны шугам, агаар сэлгэлт, дээвэр, цонх, хаалга, холбоо дохиолол, сувилагчийн дуудлага, хий хангамж, камержуулалтыг нэг мөр шийдэх юм.
Нэгдсэн эмнэлгээс засварын ажилд хяналт тавих ажлын хэсгийг томилон ажиллуулж буй. 2026 оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөх нөхцөлтэй хэдий ч хугацаанаас нь өмнө буюу дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Ulaanbaatar