ГОВЬ-АЛТАЙ: Цоохор нуур багийн малчин А.Өнөржаргалынх “Алтан ботгоны эзэн”-ээр шалгарав
ФОТО МЭДЭЭ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Хөхморьт сумын Цоохор нуур багийн малчин А.Өнөржаргал, түүний гэргий Ч.Гүндэгмаа нар “Алтан ботго”-ны эзэн болов.
Малчин А.Өнөржаргал нь Хөхморьт сумын Цоохор нуур багаар нутаглаж, 55 жил тасралтгүй мал маллаж, хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн туршлагатай малчин юм. Тэднийх улирлын онцлогт тохируулан жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийж, мал сүргээ зөв зохистой маллан, ашиг шим болон тоо толгойг тогтвортой өсгөж байна.
Тэрээр “1959 онд Хөхморьт сумын дунд сургуульд элсэн орж дөрөвдүгээр ангиа дүүргээд илгээлтээр мал маллаж эхэлсэн. 1971-1991 оны хооронд тасралтгзй “35 жил” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байгаад 1991 онд нэгдэл татан буугдахад дөрвөн суурийн 260 орчим тэмээг хувьчлалд тарааж өгсөн” хэмээн дурсан ярилаа.
А.Өнөржаргал Ховдын Мянгадын улаан буур, Ховдын Зэргийн ноосны чиглэлийн хүрэн буур, Өмнөговиос хүрэн буур авч тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг, чанарыг сайжруулахад ихээхэн анхаарчээ.
“Алтан ботго”-ны эзэн А.Өнөржаргалынх мал сүргийн бүтэцдээ анхаарч тэр тусмаа тэмээн сүргийг голчлон өсгөж өөрийн ахуй амьдралаа дээшлүүлж, залуу малчдад малч ухаанаа өвлүүлэн зааж сургаж яваа хашир туршлагатай малчин юм.
Шагналыг Монгол Улсын алдарт уяач, Хөхморьт сумын МАН-ын дарга Т.Ганзориг, Хөхморьт сумын Засаг дарга Г.Даржаа, Хөхморьт сумын ИТХ-ын дарга Б.Тарав, албаны бусад төлөөлөгчид гардуулжээ.