“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа. Тэрбээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна. Та нар бол олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, эх орондоо оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид шүү” хэмээн онцолсон юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 1052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан зэрэг 21 орны их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын сэтгэгдлээс хүргэе.

Завхан аймгийн Баянтэс сумын иргэн Ө.Пүрэвдорж: Үнэхээр их баяртай байна. Энэ шалгаруулалтад тэнцсэн мэдээг хамгийн анх ээжээсээ сонссон. Ангийн найз нөхөд, гэр бүлийнхэн маань бүгд баярт мэдээг сонсоод баяр хүргэхэд их хариуцлага мэдэрсэн. Миний хувьд БНСУ-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцах сонирхолтой байгаа. Энэ бол ирээдүйд Монгол Улсад хамгийн хэрэгтэй салбар, бас эрэлттэй байх гэдэг үүднээс мэргэжлээ сонгосон. Мөн эгчийн зөвлөгөө ч нөлөөлсөн. Миний эгч энэ мэргэжлийн талаар багагүй мэддэг хүн. Тиймээс эгчээсээ их мэдээлэл авдаг. Энэ сайхан боломжийг бүрэн ашиглахыг найзууддаа зөвлөе.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Д.Үлэмж: Маш их догдолж байна. Найз маань над руу ярихдаа, “Чи шалгарчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд үнэхээр их баярлаж, бас гайхсан. Тэгээд энэ баяраа хамгийн түрүүнд ээжтэйгээ хуваалцахад “Миний охин чадлаа” гэж хэлээд баяр хүргэсэн. Багаасаа зураг зурах дуртай байсан учраас сонирхлоо дагаж мэргэжлээ сонголоо. Өнөөдөр хамт захиа, даалгавар авч байгаа үеийнхэндээ хандаж “Та нар чадлаа. Эх орноо сайн хөгжүүлэхийн төлөө хичээгээрэй. Би бас маш сайн хичээх болно” гэж хэлье.

Чингэлтэй дүүргийн XXIII хорооны иргэн Л.Азжаргал: Анх би “Ерөнхийлөгчийн илгээлт”-ийн талаар огт мэддэггүй байсан. Гэхдээ орохыг маш их хүсдэг байлаа. Мэдэхгүй учраас Санхүү, эдийн засгийн их сургуулийг сонгосон байсан юм. Гэтэл нэг өдөр утсаар “Ерөнхийлөгчийн илгээлт”-д тэнцсэн байна” гэж хэлсэн. Яг тэр үед аав хажууд сонсож байсан учраас маш их баярласан. Гэр бүлээрээ баярлаж хүлээн авлаа. Миний хувьд аав, ээжийнхээ том ачаанаас хөнгөн байгаа мэт санагдсан учраас өөрөөрөө бахархаж байна. Би БНХАУ руу статистикийн мэргэжлээр суралцахаар зорино. Энэ тэтгэлгийн ачаар хүссэн улсад сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжтой боллоо. Уг мэргэжлээр суралцаж, олон улсад өөрийгөө сорьж, бие даасан, хариуцлагатай хүн болж төлөвшинө гэдэгтээ итгэлтэй байгаа. Ирээдүйд сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж, Монгол Улсыг хөгжүүлэхийг зорьж байна. Миний мөрөөдөл бол Монгол Улсын анхны ардчилсан эмэгтэй ерөнхийлөгч болох, эх орноо илүү сайхан болгох явдал юм. Энэ ташрамд, надад тусалж, үргэлж дэмжиж байсан хайртай гэр бүл, найз нөхөд 37 дугаар сургуулийн багш нар, захирал, Оюун ухааны академийн багш нартаа талархал илэрхийлье.

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Г.Буянтогтох: Надаас түрүүлээд аав, ээж хоёр мэдчихсэн байсан. Надад хэлэхэд нь итгээгүй. Тэгээд албан ёсоор мэйл ирэхэд л итгэсэн дээ. Надаас илүү аав, ээж минь баярлаж, хөөрсөн дөө. Би Японд барилгын инженерээр суралцана. Энэ бол миний дунд ангийн сурагч байх үеийн мөрөөдөл. Тиймээс мөрөөдлөө биелүүлэх боломжийг нээж өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон “Илгээлт 2100” хөтөлбөрийн багийнханд баярласнаа илэрхийлье. Төрийн тэргүүнээс захиа, даалгавар авах мөчийг тэсэн ядан хүлээсэн, бас их догдолсон. Өнөөдөр захиа, даалгавар авсан бүх хүүхдэд хандаж “Мундаг шүү” гэж хэлмээр байна.












