БАЯНХОНГОР: Агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-12 09:59:05

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянхонгор сумын ЗДТГ Байгаль орчны газартай хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэр, утаа, орчны бохирдлын нэгдсэн тооллого, судалгааг хийжээ.

Тооллого, судалгаа нь агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, айл өрхийн дулааны эх үүсвэр, түлшний хэрэглээ, мөн орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой юм.


Нэгдсэн тооллогын дүнг аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Бат-Өлзий, Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат, Баянхонгор эрчим хүч ХХК-ийн Ерөнхий инженер Б.Бдамцэцэг нар аймгийн удирдлагуудад танилцуулсан байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 10.164 айл өрх амьдарч байгаагийн 70 хувь нь гэр хороолол, 30 хувь нь орон сууцанд амьдарч байна.


Судалгааны тоон мэдээлэлд үндэслэн мэргэжлийн байгууллагууд хамтран тусгай төслийг боловсруулах бөгөөд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг суурилуулах зэргээр утааг бууруулах ажлуудаа төлөвлөх юм. Судалгааны дүн мэдээллийг удахгүй олон нийтэд танилцуулахыг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, Баянхонгор сумын ЗДТГ-ын 148 ажилтан, албан хаагчид хамтран аймгийн төвийн 10 багийн нутаг дэвсгэр, 19 сумын ЗДТГ-ын алба хаагчид болон холбогдох төрийн албан хаагчдыг хамруулан нэгдүгээр сарын 13-30-ны хооронд агаарын бохирдлын эх үүсвэрийг тооллогын ажлыг зохион байгуулжээ.

Related news