ДОРНОД: Чух нуур нь нүүдлийн шувуудын гол цэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-12 11:07:05

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт олон тооны нүүдлийн шувууд бууж амарч, хооллодог. Шувуудын хувьд чухал цэг болсон энэ нуур нь Монгол дагуурын бүс нутагт хамаардаг. 

 

Одоогоос долоон жилийн өмнө "Чух шувуу судлалын суурин"-г Монголын шувуу хамгаалах төвөөс байгуулснаар Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн болон усны шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөл зүй, нүүдлийн экологийн судалгааг хийж байгаа юм. Сүүлийн үед урин дулааны цагт нутгийн иргэд, ЕБС-ийн сурагчид тус шувуу судлалын суурингаар зочилж, шувуудын амьдралтай танилцах сонирхол нэмэгдэж байна. 2023 онд Дагуурын бүс нутаг гандуу байснаас Чух нуурт өмнөх жилүүдийнхээс олон эргийн шувуу цуглаж байв. Тухайн үеийн хавар, намрын саруудад Чух нуурт нийт 162 зүйлийн 650 мянга гаруй шувуу бүртгэгдсэнээс Улаанхүзүүт шумбуур, Алаг шунгаач, Халзан түнжүүр, Бор нугас, Халтар шунгуур шувуу хамгийн олон байжээ. 


Чух нуур Монгол орны зүүн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 750 км зайд, Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн тийш 20 км, Дагуурын бүс нутгийн үзэсгэлэнт Улз голын дэргэд оршдог. Нуурын ус, ёроолын лаг шавар нь хүний тулгуур эрхтний өвчин эмгэгийг анагаахад тустай гэгддэг. Ёс заншил, хэл аялгуугаа алдаагүй буриад зон энэ нутагт амьдран суудаг, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг юм.   

 

Энэхүү “Дагуурын ландшафт”-ын нэг бүрэлдэхүүн хэсэгт амьдардаг дэлхийд ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, түүний унаган байдлыг хадгалан үлдээх зорилгоор 2017 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн юм.

Related news