ДОРНОД: “Сэмбо” ББН жил бүр ургацын хэмжээгээ нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-13 09:50:47

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сэмбо” ББН “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч, өнөөдөр шагналаа гардлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс гардуулав.


Тус нөхөрлөл 21 дэх жилдээ газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн чиглэлээр 10 га эргэлтийн талбайд тариалалт хийж, 2023 онд 183 тн, 2024 онд 191 тн, 2025 онд 204 тн ургац хурааж, жил бүр ургацын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Арваад жилийн өмнө 80 тн-ын багтаамжтай зоорийг өөрийн хөрөнгөөр байгуулснаар хүнсний ногооны хадгалалт, нийлүүлэлтийг тогтвортой хангах боломжийг бүрдүүлжээ.


Эднийх булцуу нь хавтгайдуу, шар алтлаг хальстай, хадгалалт сайн даадаг, бага зэрэг хурц амттай “Штуртгартер резин” сортын төл сонгино үржүүлж, зах зээлд нийлүүлдэг. Өөрийн үрийн аж ахуйдаа түшиглэж, гала, солист сортын үрийн төмс тарьснаар таван жил тутамд сортоо шинэчилж, аймгийнхаа ногоочдод нийлүүлдэг. Түүнчлэн гурван жилийн өмнөөс алим, чавга, чацарганы мод тарьж, Халх гол суманд 85 бүл зөгийн аж ахуй эрхэлж, жилд хоёр тонн зөгийн бал зах зээлд нийлүүлж байна. Улирлын чанартайгаар 30-40 хүнийг түр ажлын байраар, хоёр хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа юм. 


Related news