ДОРНОД: Улсын аварга малчин Х.Энхсайхан таван өрхийг 50-300 толгой малаар малжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Дорнод аймгаас Улсын аварга малчин дөрөв тодорсны нэг нь Х.Энхсайхан юм. Түүнд өнөөдөр шагналыг нь УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Х.Энхсайханых малын үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон
анхаарч, баталгаажсан үүлдрийн малыг үржил селекцид ашиглаж байна. Тухайлбал,
Дорнод монголын үүлдрийн бух, барга үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан үүлдрийн
ухныг үндсэн сайжруулагчаар сонгон ашиглаж, мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн залуу малчин өрхийг дэмжих, малжуулах
зорилгоор таван өрхийг нийт 300 толгой малаар малжуулжээ.
Малын болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр 850 толгой малаа
индексжүүлсэн даатгалд хамруулж, өрхийн гишүүд холбогдох хууль тогтоомжийн
дагуу эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, малын тоо толгойн албан
татварыг жил бүр тогтмол, хариуцлагатай төлж хэвшсэнээ ярьж байлаа. Мөн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор залуу гэр
бүлийг ажлын байраар хангаж, 1,5 сая төгрөгийн цалинтайгаар ажиллуулж байна.