Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо.
Боловсролын яамны мэдээлснээр, хуралдааны эхэнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал боловсролын чанар, тэгш хүртээмжийг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих болон багшлахуйгаас суралцахуйд шилжих парадигмийн шилжилтийн хүрээнд дижитал болон хиймэл оюунд суурилсан суралцахуйг дэмжих чиглэлээр “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Мөн тэрбээр, 2026 оны нэгдүгээр сараас нэмэгдээд байгаа багш, ажилтны цалин, хөлстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хийж, тайлбар өгөв.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал П.Оюунаа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн экосистем, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн онцлог, сургалтын агуулга, арга зүйн өөрчлөлт, 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийлээ. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын зээл, тусламж чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт”-ийн хүрээнд хийх 130.0 сая ам.долларын санхүүжилт, цаашдын хэрэгжилтийн чиглэлийг хэлэлцлээ.