СЭЛЭНГЭ: Б.Нанзад гуай 102 насыг нь хүндэтгэсэн төр засагтаа талархлаа илэрхийллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-16 09:59:11

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  16 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, эдүгээ 102 настай Б.Нанзад гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржгардуулан өгч, хүндэтгэл илэрхийллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүр 100-гаас дээш настай ахмадуудад гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай.

 

Б.Нанзад гуай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1924 онд төрсөн. Төрөлх сумынхаа сургуульд насаараа багшилж, олон шавь нараа эрдэм мэдлэгийн их далайд хөтлөн замчилжээ.

 

Зүүнбүрэн сумын цэцэрлэгийн анхны галыг бадрааж явсан тэрээр 5 хүү, 5 охиныг өсгөн хүмүүжүүлжээ.

 

Одоо тэрбээр үр хүүхэд, ач, зээ нийлсэн 200-г давсан өнөр олуулаа болсон тухайгаа хуучиллаа. Түүний том охин нь 80 настай, хамгийн бага нь 60 насыг шүргэж явна. Азай буурай маань 100 давж насалсан ч ухаан саруул, хэл яриа цэгцтэй байгаа нь аргагүй л ардын багш явсныг нь илтгэнэ.

 

XVII жарны гал морин жилийн сар шинийн босгон дээр төр засгаас түүний өндөр насыг хүндэтгэсэнд ихэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өндөр настан Б.Нанзад гуайд ирэх жилийн сар шинээр эргэн уулзахын ерөөл дэвшүүлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.