ДОРНОД: Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд төмсний хангамж 2023 онд 41.2 хувь байсан бол 50 хувьд хүрч нэмэгдсэн байна. Мөн бусад төрлийн хүнсний ногооны хангамж 25.7 хувиас 26 хувьд хүрч, мах 100 хувьд хүрсэн бол гурилын хангамж 12 хувь буурсан үзүүлэлт гарсан гэж ХХААГ-аас мэдээлэв.
Дээрх үзүүлэлтүүдийг нийт дүнгээр авч үзвэл, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж тав орчим хувиар нэмэгдээд байгаа юм.
Тодруулбал, жилд 16.3 мянган тонн малын мах, 7.8 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 73.5 хувь буюу зургаан сая литр сүүг мал аж ахуйн салбараас хүлээн авч байгаа бол талх гурилан бүтээгдэхүүний 28.8 хувь, төмсний 64.6 хувь, хүнсний ногооны 24.6 хувь, жимс, жимсгэний 0.03 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангаж байна.
Жишиг
хүн амын хоногийн хэрэглээний нормоор тооцоход Дорнод аймагт өдөрт дунджаар 2.5
тонн шувууны мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай гэсэн судалгаа бий.