ДОРНОД: Иргэдийн өөрсдөө хийж бүтээх, үйлдвэрлэх сонирхол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-16 16:00:30

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар мэнд-2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9-15-ны өдрүүдэд болж, 60 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж, 200 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Энэ үеэр дэлгэсэн өвөрмөц нэгэн бүтээгдэхүүн бол “Дорнын шаглаа” ТББ-ын зүү ороох оёдлоор урласан даалин, хавтага, аяганы уут, хонины ноосон эсгий зэрэг өв соёл шингээсэн эдлэлүүд байлаа. Монгол Улсын уран хатгамалч Т.Цолмонсүрэн Монголын уламжлалт зүү ороох оёдлыг түгээн дэлгэрүүлж, таван уран хатгамалч, өвлөн уламжлагчийг төрүүлэн гаргаад байгаа юм.


Түүнчлэн энэхүү үзэсгэлэн худалдаанд хувиараа ногоо тарьдаг ахмадууд олноор оролцсон. Ахмадуудад 10-20 сая төгрөгийн бага хэмжээний, хугацаа урт, хүү бага зээл шаардлагатай талаараа ярьж байлаа. Тухайлбал, “Саримсхан” брэнд цуутай саримс, даршилсан ногоо зэрэг 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон. 


“Эх оронч худалдан авалт хийе” уриан дор зохион байгуулсан энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Дорнод, Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн 100 гаруй баялаг бүтээгч иргэн, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм. Үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, нарийн боов үйлдвэрлэгчид, ногоочид, оёдолчин, гар урлаачид гээд иргэд, ААН-үүд хийж бүтээж байгаа зүйлсээ дэлгэн тавьсан нь жилээс жилд иргэдийн дунд өөрсдөө хийж бүтээх, үйлдвэрлэх сонирхол сайжирч байгааг харуулж байна. 


Related news