Сурагчид сурах бичгийн хүрэлцээ, хангамж муу байгааг шүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:21:27

Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд сурах бичгийн хүрэлцээ, хангамж муу байгааг “Шинэ зууны элч” хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шүүмжиллээ.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Шинэ зууны элч” хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан “Хүүхдийн индэр” ажиллуулж, хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргагчид болон аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх, асуудлыг талуудын оролцоо, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх зорилгоор сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран “Ном, сурах бичгийн хүрэлцээ, хангамж” сэдвээр зохион байгуулсан ба сурах бичгийн хүрэлцээ, хангамж, чанарыг сайжруулах талаар багагүй санал, шүүмжлэл гарлаа.

Тухайлбал сурагчид зах зээл дээр сурах бичгийн үнэ өндөр байгаагаас шалтгаалан шаардлагатай хичээлийн номоо авч чадахгүй байгаа тул түрээсийн сурах бичгийн багцыг аймгийн төвийн сургуулийн ахлах ангийнханд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн юм. Мөн хичээлээ тараад номын санд суух гэхээр ажилчид нь цайндаа явчихдаг, өдөр сонгоны хичээлээ үзчихээд номын санд суух гэхээр тарчихдаг хэмээн шүүмжилж байлаа. Тиймээс аймгийн төв номын сангийн ажиллах цагийн хуваарийг өөрчлөх, сургуулиудын номын санг уншлагын танхимтай болгох санал тавьсан юм.

Түүнчлэн номын сангаас дахин ашиглаж байгаа ном, сурах бичгүүд хуучирч элэгдэн ашиглах аргагүй болсон байдаг тул хүүхдийг багаас нь номыг зөв, цэвэр ашиглах, номонд хайртай болгох талаас бодлого гаргаж ажиллахыг хүслээ. Эдгээр саналыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэх юм байна.

Б.Батчимэг

Related news