Хямд нүүрсээр хангаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-26 10:01:46

Говь-Алтай аймагт нүүрсний үнэ харьцангуй өндөр байдаг. Гэр хорооллын иргэд өвлийг өнтэй давахын тулд мод түлээнээсээ илүүтэй нүүрсийг өргөн хэрэглэдэг. Алтай нутгийн иргэд 1тн нүүрсээ 150,000-180,000 төгрөгөөр худалдан авч байгаа нь хямрал нүүрлээд байгаа энэ мөчид тэдний амьдралд хүнд тусч байгаа ажээ.

Хүйтний идэр ес эхэлж байгаатай холбоотойгоор нүүрсний хэрэглээ ч улам нэмэгдэж байна. Аймгийн төвийн “Шинэ–Алтай” захын зам дагуу нүүрс, модны жижиглэн худалдаа гарсан ч иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Энэ асуудалд анхаарч аймгийн удирдлагаас нүүрсний үнийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймгийн засаг дарга С.Гансэлэм, Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус аймгийн Чандмань сумын Зээгтийн уурхайн нүүрсийг аймгийн төв Есөнбулаг сумын төвлөрсөн цэгт 1тн нүүрсийг  65.000 төгрөгөөр иргэдэд худалдаж байна. Энэ нь өнөөдөр “Шинэ-Алтай” захад худалдаалагдаж байгаа нүүрсний үнээс 85 000-115 000 төгрөгөөр хямд үнэ юм. Ийнхүү иргэд хямд үнэтэй нүүрс түлэх болсондоо талархалтай байна.

                                                                                 Ш.Цоодол

Related news