Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬБайгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг Дорноговь аймагт аялж байна. Энэ арга хэмжээг Нүүдлийн байгаль хамгаалах төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд анхны уулзалтыг хэдхэн хоногийн өмнө Сайншанд сумын ХЗГБХГ-ын танхимд төрийн болон төрийн бус байгууллагын залуучуудын төлөөллийг оролцуулж хийсэн байна.
Зорилго нь иргэдийн байгаль хамгаалах идэвх санаачилгыг дэмжих, тэдний экологийн боловсролыг дээшлүүлэхэд зориулсан сургалт боловч танхимд сууж багш ярьж, бусад нь сонсох хэлбэрээр бус байгаль сүйдэж, ан амьтан цөөрч, экологийн тэнцвэр алдагдаж буй байдлыг амьтны дүрд хувирч, үйл хөдлөл, тэдний шинж чанараар бусдад тоглоомын аргаар ойлгуулах гэсэн өвөрмөц арга барилыг нэвтрүүлж буйгаараа ихээхэн онцлогтой аж.
Хайрцагт элдэв амьтдын дүр бүхий чихмэл байх бөгөөд хүмүүсийн нэг нь тухайн амьтны дүрд хувирч бусад нь байгаль, ан амьтныг сүйтгэгч сөрөг нөлөөллийг үзүүлж буй жишээгээр тоглоомд оролцох бөгөөд үр дүнд нь хүмүүс байгаль экологи, ан амьтныг сүйтгэснээр амьсгалах агааргүй болж, амьдрах орчин муудаж байгааг олж харна.
Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцгийг аймгийн БОАЖГ-аас аймгийн төв номын сан, зарим цэцэрлэгүүдэд аялуулж хөгжилтэй аргаар сургалт зохион байгуулсан бөгөөд иргэд байгууллага, аж ахуй нэгжүүд, хамт олон санаачилга гаргаж ийм төрлийн сургалт авахыг хүсвэл сургалт зохион байгуулахад бэлэн байгаа аж.
Х.Эрдэнэбулган