Хот тохижилт үйлчилгээний албаны төсөв танагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаны 2017 оны түлшний төсөв хоёр сая төгрөгөөр буурч, 32 сая төгрөг болж батлагдлаа. Гэвч тэд урьдын адил хог ачилтын төлөвлөгөө нормоо хангаж ажиллахыг хичээж байна.
Тэдний хамт олон нэр бүхий 33 байгууллагын хогийг сард 6 удаа, харин 133 төрийн болон төрийн бус байгууллагын хог хаягдлыг дуудлагаар улиралд 1 удаа, айл өрхийн хог хаягдлыг 45-60 хоногт 1 удаа ачиж цэвэрлэж байна. Хог хаягдлыг 4 машин ээлжлэн зөөвөрлөж байна.
Өнгөрсөн онд түлшний зардалд 34 сая төгрөг төсөвлөсөн. Айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлын хураамжийг орлого болгон орон нутгийн төсөвт суулгадаг байгаа. 2011-2013 онд 20 сая, 2014 онд 32 сая, 2016 онд 43 сая төгрөгийг төсөвт суулгах үүрэг даалгаварыг тус алба хүлээжээ. Гэтэл энэ 2017 онд 55 сая болон нэмэгдлээ. Өнгөрсөн онд айл өрх аж ахуйн нэгжээс цуглуулах ёстой мөнгөний талыг буюу 21 сая төгрөгийг дөнгөн данган цуглуулсан байтал энэ онд даруй 10 саяар нэмэгдэж цуглуулах ёстой болсон байна. Тиймээс аймгийн Хот тохижилт үйлчилгээний алба нийтийн цэвэрлэгээг сурталчлах, хогны хураамжаа төлж байж гудамж талбай хоггүй цэвэр болно гэдгийг иргэдийн ухамсарт ойлгуулах "Булганы хавар" нэртэй хөтөлбөр арга хэмжээг ирэх хавар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
П.Батням