"Өнгөрсөн" УСК нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:06:25

Дорнод аймгийн ХДТ-ын залуу уран бүтээлч Б.Мөнх-Амьдралын “Өнгөрсөн” нэртэй уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ.

Архинд орж алдаж эндэж явсан, аав ээж хань ижлээ гомдоон цөхрүүлж яваад архинаас гарч эдүүгээ сайн сайхан яваа Дорнод аймгийн иргэн Н.Хүрэлбаатарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол дүрд жүжигчин Отгонбаатар тоглож Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцсон байна. Уг кино АА-н буюу Оюуны есөн дэвшил ТББ-н санал санаачлагаар аймгийн Хөгжлийн сангаас санхүүгийн дэмжлэгээр А&O студид бүтээгдсэн юм. Киноны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга,аймгийн Хөгжлийн сангийн дарга М.Бадамсүрэн киноны уран бүтээлчид болон үзэгчдэд хандан Аймагт хэрэгжүүлж байгаа архигүй амьдрал аяны хүрээнд аймгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн уг киног бүтээсэн нь хүүхэд залуустаа сургамж өгч амьралын гараагаа зөв эхлэх,архийг жигших, архинаас ангид байх үзэл санаа төлөвшлийг олгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Уг киног үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэсэн бөгөөд 14 сум, орон нутгийн телевизүүдээр гарган олны хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

Б.Туяа

Related news