Өгийнуур орчмын бэлчээр, нутгийг түр амраах хэрэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 13:32:33

Архангай аймгийн Өгийнуур суманд 1950-иад оноос хойш үлийн цагаан оготно нутагшиж, 1999 оноос Орхон мөрний эхний Өлзийтээл, Буданттээл, Өлт, Харгуйт, Гүүт,Шийртын голд алт олборлож, 2012 оноос малын тоо жил ирэх тусам бүр эрчимтэй өсч байгаа явдал бэлчээрийн доройтол үүсгэх томоохон шалтгаан болж байна гэж “Цэнхэр нутгийн удирдлага” –хөдөлгөөний ерөнхий зохицуулагч хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Алтны уурхайнуудын ашиглалтын уршгаар Өгийнуурын түвшин ч эрс доошилж, хөгшин Орхон гол ширгэжээ. Архангайхны ярьдгаар “Шүдлэн говь”-гэгддэг Өгийнуур сумын өнөөгийн бэлчээрийг сэргэх чадавхиар нь үнэлж үзэхэд, нийт бэлчээрийн 62,5 хувьд ургамлан бүлгэмийн чанар бүтэц өөрчлөгдсөн. Тиймээс одоогийнхоо горим арга хэлбэрийг зайлшгүй өөрчилж, бэлчээрийн ачааллыг бууруулах, улирлаар сэлгэх, түр амраах шаардлагатай гэж эрдэмтэд зөвлөж байна. Ялангуяа Тоглох багийн зуслан намаржаанд хиаг, цахилдаг, тус багийн Бэлхийн хаваржаа өвөлжөөний бэлчээрт Адамсын шарилж, хиаг зонхилж хүчтэй доройтсон бэлчээртэй байгаа юм байна.

Сүүлийн жилүүдэд Өгийнуурыг тойрон эко- гэр, загасчдын отог олширсноор орчим нь дэндүү бохирдож байна. Ялангуяа зуны улиралд нуурын эрэг орчмоор эвгүй үнэртэй байдаг тухай тэнд очоод ирсэн Цэцэрлэг хотод ажиллаж байгаа гадаадын иргэд шүүмжлэн санаагаа илэрхийлж байна.

                                                                                                                                                    Архангай аймаг Л.Булган 

Related news