Залуу жүдочид ДАШТ-ээс нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-24 13:23:52

Жүдо бөхийн залуучуудын "Абу Даби-2015" ДАШТ-ий эхний өдөр буюу баасан гарагт дөрвөн жингийн барилдаан болж Монголын 6 жүдоч хүчээ сорьсноос нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

  Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 82 орны эрэгтэй 336, эмэгтэй 220, нийт 556 тамирчин хүч чадал, ур чадвараа сорьж байгаа юм. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 7 тамирчин барилдаж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 44, 48 кг, эрэгтэй 55, 60 кг жингийн барилдаан болж эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн Ганбаатарын Наранцэцэг Монголын багийн анхны медалийг хүртэж, хүрэл медалийн эзэн болов.

Харин эрэгтэй 60 кг-д Ц.Цогбаатар мөнгөн медаль хүртсэн бол 55 кг-д барилдсан Б.Амартүвшин хүрэл медаль энгэртээ зүүлээ. Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар /60 кг/ эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүржийн Т.Наглашвилиг ялж, гуравдугаар тойрогт Украины О.Овчаренког цэвэр хожсон. Улмаар хэсгийн аваргын төлөө Азербайжаны Д.Маммадовыг торгуулиар ялж, хэсгийн аваргаар тодорлоо. Улмаар Францын Х.Валидег ялж, аваргын төлөө Японы жүдоч Нагамаяа Рюүжүд ялагдан мөнгөн медаль хүртжээ.

Өнгөрсөн жил хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт V байр эзэлсэн Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Туркийн Тугбаг юүко үнэлгээгээр ялснаар залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртлээ.

Б.Амартүвшингийн хувьд дөрөвдүгээр тойрогтоо Азербайжаны бөх Гурбанли Натиг ялсан ч тавдугаар тойрогт БНСУ-ын жүдоч Лее Харимд торгуулиар ялагдаж залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальтан болжээ.

Д.Өлзий

Related news