“Mongolian Saturday” морь 14 дугаарыг сугалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-28 17:43:36

АНУ-ын Лексингтон хотод 10 дугаар сарын 30, 31-нд "Breeders cup 2015" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Mongolian Saturday” морины гарааны сугалаа мягмар гарагт болж 14 дугаарыг сонголоо.

Энэ удаа зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдах юм.  Энэхүү “Mongolian Saturday” нэртэй үрээ нь Тод манлай уяач “Макс” Д.Ганбаатарын соёолон үрээ юм. Энэ үрээг анх Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгосон байдаг. “Mongolian Saturday” цэвэр англи үүлдрийнх юм.

Энэ морь 2015 он гарснаас хойш нийт 7 том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авчээ. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаачид дүгнэдэг байна. Мөн уралдаан болохоос өмнө морьд гэмтэж бэртвэл орлуулах хоёр морийг нөөцөнд оруулдаг.

Өнгөрсөн жилийн аварга “Bobby's Kitten” болон “Mongolian Saturday”-г 15 хүн тутмын 1 нь түрүүлнэ гэж бооцоо тавьсан бол Английн хатан хааны нэрэмжит уралдаанд түрүүлсэн “Undrafted”-д 4 хүний нэг нь итгэл үзүүлж байна.

Албан ёсоор эрхээ авсан морины эзэн уралдааны төлбөр болох 20 мянган ам.доллараа төлсөн бөгөөд түрүүлсэн морь 1 сая ам.доллар хүртэнэ. "Breeders cup" тэмцээнийг дэлхий даяар NBC суваг шууд дамжуулах юм гэж АНУ-ын Сан-Франциско хотоос Ш.Самбуу мэдээлсэн байна.

 

Related news