Үйлдвэрлэлээс инновацийн дэвшлийг сонгосон Ханжоу хот
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн урилгаар тус улсад айлчилсан Монголын сэтгүүлчдийн баг 3 дахь өдрөө буюу зургадугаар сарын 3-нд Жэжян мужийн Ханжоу хотын Соёл урлагийн бодлогыг дэмжих инновацийн бүс болсон Юунчи хотхон, Жэжян соёлын бүтээлч парк, тооцооллын Үүлэн хотхон /Cloud town/, дижитал технологийн хөгжлөөр тэргүүлэгч HIKVISION компани, 2016 онд зохион байгуулсан дэлхийн тэргүүлэх улс орнуудын ИХ-20-ын уулзалт болсон уран барилгын цогцолбортой танилцсан юм.
Бидний зочилсон, инновацийн хөгжлөөр манлайлж буй БНХАУ-ын компани бүрээс орчин үеийн техник, технологийн дэвшлийг харуулсан гайхалтай ухаалаг тоног төхөөрөмж, интернэт үйлчилгээ, авсаархан, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй, цаг хугацаа хэмнэсэн хамгийн зөв шийдэл бүхий ахуйн хэрэгслүүдтэй танилцлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс улс орондоо өөрийн өвөрмөц онцлог бүхий хотхонуудыг байгуулах их ажлыг эхлүүлээд байгаагийн сонгодог жишээ нь Жэжян муж юм. Засгийн газрынхаа бодлогыг дэмжиж “Алибаба” групп хөрөнгийг нь гаргадаг бөгөөд төрийн зүгээс зөв бодлого баримталж, заримыг нь орон байраар хангах зэргээр анхаарал хандуулдаг байна.
Юунчи хотхон өмнө нь тоос шороотой цементийн үйлдвэр байсныг шинийг бүтээх инновацийн төв болгон өөрчилж Урлагийн хотхон бий болгожээ. 1958 оноос хойш 30 гаруй цементийн үйлдвэр энд үйл ажиллагаа явуулан, байгальд сөрөг нөлөө үзүүлж байсныг БНХАУ-ын Засгийн газраас 1999 онд хааж, Ши Ху нуурын экологийн бүс болгох санаачилга гарган 2008 онд 100 сая 500 мянган юанийн хөрөнгө оруулалт хийжээ. 2010 онд БНХАУ-ын Уран зургийн дээд сургууль, шинжлэх ухаан техникийн дээд сургуулийг байгуулснаар энэ муж шинжлэх ухаан технологийн бүс болох суурь бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, мэргэжилтнүүд ирж суурьшсанаар инновацийн ажил эхэлсэн үүх түүхтэй. Энд улсын зурэглэлийн их сургуулийн хүрээлэн, улсын патентын туршилтын хүрээлэн зэрэг олон оюуны бүтээл гаргах байгууллага нэгдэж, улсын шинжлэх ухаан аж ахуйн нэгжүүдийг бий болгон, оюутны шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүс болсон юм. Хоолны газрынхаа тохижилтыг гэхэд номын сангаар төлөвлөж хийсэн нь үнэхээр сонирхолтой шийдэл болжээ. Энэ бүсэд БНХАУ-ын Урлагийн дээд сургууль, Уран зургийн их сургууль, Жэжяны Дуу хөгжмийн их сургууль бий. Хотхон нь 2015 онд хотын зэрэглэлтэй байсан бол 2016 онд мужийн зэрэглэлд орсноор төсөв нь ч ахижээ. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн бүрдсэн энэ хотхонд 7 хоног бүр концерт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг. Урлагийн сургуулиудад нь тус улсын өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд цуглаж улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Соёлын ухаалаг бүтээгдэхүүн бий болгож, урлагийн эрдэмтэн чадвартнууд хуран цуглаж, соёл урлагаар шинийг бүтээх, аялал жуулчлалыг татах бүс нутаг болгохыг зорьж байгаа юм.

Үүний дараа монголын сэтгүүлчдийн баг Жэжян хотын Бүтээлч паркаар зочилж, дэлгэцээр замын хөдөлгөөнийг хянах, хөдөлгөөнд оролцож байгаа автомашины даатгалд хамрагдсан эсэх, татвараа төлсөн эсэхийг хянах, түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үүл манан, бороотой үед камерийн бичлэгийг хэвийн болгож тодруулах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл олж авах, хүнийг зөв суулгаж сургах зорилго бүхий буруу суувал цаасан дээр гардаггүй ухаалаг бал, ус нэвтэрч гоожсон ч аюулгүй цахилгааны разетка, автомашины зогсоол, гэр бүлийн хэрэгцээнд ухаалаг систем ашиглах, гэмт хэрэгтэнг таних зэрэг технологийн дэвшил ашигласан инновацийн олон бүтээлийг үзэж сонирхлоо. Тухайлбал, дрон буюу роботоор замын хөдөлгөөн ихтэй үед гэрийн хаягаар шуудангийн үйлчилгээ хүргэх, маш их ачаалалтай гаражнаас машиныг нь олоход туслах, олон хүн цугласан газраас хэн нэгнийг эрж олох гэхчлэн хүний хүч хүрэхгүй ажлыг хөнгөвчлөх чадамжтай роботууд биднийг гайхшруулсан юм.
Бүтээлч парктай танилцсаны дараа дижитал технологид суурилсан аюулгүй байдлыг хангах камераараа дэлхийд алдартай Хикивишн /HIKVISION/ компанийн интернэт орчны ухаалаг шийдэл, шинэ санаачилга, инновацийн хөгжил дэвшилтэй танилцлаа. 2001 онд анх байгуулагдсан 20 гаруй мянган ажилтантай тус компани нь ухаалаг хот бүтээн байгуулах томоохон зорилт тавьжээ. Өнгөрсөн оны жилийн борлуулалтын хэмжээ гэхэд 40 тэрбум 800 мянган ам долларт хүрчээ. Тэдний зорилго нь инновацид суурилсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх бөгөөд хувь хүн, байгууллага, орон гэр, цагдаагийн байгууллагын ажилтан, тээврийн хэрэгсэл, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд голчлон анхаардаг. Монгол Улсад гэхэд Улсын Их Дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагын камержуулалтыг хариуцан суурилуулснаар харахад бид ч гэсэн орчин үеийн инновацид суурилсан техникийн дэвшлийг импортолж өдөр тутмын ажил, амьдралдаа ашиглах бүрэн боломжтой болжээ. Гадаадын 28 орон, хятадын 38 газар салбартай тус компани жолоочгүй автомашин бүтээснээс гадна 3000 метр өндөрт 10 км радиуст байгаа орчныг агаарт нэг цагийн турш камертаа татаж авах хүчин чадалтай дрон бүтээсэн нь үнэхээр сонирхол татаж байлаа. Мөн маш олон барааг ялгаж ангилах хэцүү учир бар кодоор нь юу вэ гэдгийг нь ангилах робот ч бүтээжээ.
Эндээсээ гараад сэтгүүлчдийн баг өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон G20 буюу дэлхийн их гүрний 20 удирдагчийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байгууламжид зочлон, зочид угтах заал, хурлын танхим, БНХАУ-ын сүр хүч, уул усны үзэсгэлэнг харуулсан сийлбэрт самбар гэхчлэн бүтээн байгуулалтын үүх түүхээс ч сонссон юм. Үүний дараа сэтгүүлчдийн баг Ши Ху нуурын оройн үзэмжийг сонирхон, Ханжоу хотын Ханг Бан хоолны музейд хүрлээ. Хан банг хоол нь хятадын хүндэтгэлийн хоолны нэг бөгөөд өмнө нь намаг байсан энэ газрыг ресторан болгон тохижуулж, хааныхаа зооглодог байсан хоолоор үйлчлүүлэгчдээ татдаг байна.

Сонирхуулж хэлэхэд, БНХАУ-ын дарга Ши Жинь Пин өмнө нь Жэжян мужид ажиллаж байжээ. Тус мужид хоёр ч удаа айлчилж ирэхдээ Ханжоу хот бол эртний соёлын хотоос гадна инноваци, шинийг бүтээх, эко хот болж хөгжихийг онцолсон аж. Ханжоу хотын нэг хүнд ногдох ДНБ нь 11900 юань болжээ.
Б.Оюундэлгэр