Н.Байгалмаа: Европ руу тэмээгээр аялж, 12 мянга гаруй километр зам туулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
altankhuyag@montsame.mn
2017-08-21 12:50:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Offroad Mongolia” аялал жуулчлалын компанийн гүйцэтгэх захирал Н.Байгалмаатай ярилцлаа. Тэрээр тун удахгүй Монгол Улсыг дэлхийд сурталчлах, тэмээгээр Европын орныг зорих аяллаа эхлүүлэх гэж буй билээ. 

-Удахгүй тэмээгээр Европын орныг тойрох аялал эхлүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Хүн бүхний зүрх сэтгэлд өөрөөс нь хүртэл нуугдчихсан нэг зүйл байдаг. Тэр зүйл гэнэтхэн ил гарч, бас далд ордог. Энэ л хүслүүдийн минь нэг биелэх гэж байна. Угтаа мөрөөдлөө биелүүлж дэлхийд Монгол Улсынхаа өв соёл, ёс заншил, үүх түүхийг сурталчилах аялал маань удахгүй эхэлнэ.

Залуу байгаа дээрээ эх орон болон хүмүүсийн төлөө ямар нэгэн сайхан зүйл бүтээе гэж бодсон. Тэгээд ч 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг. Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Хамгийн гол нь дэлхийн хүмүүст эх орноо сурталчилж, монголоо дэлхийд таниулахад аяллын маань гол зорилго оршино.

-Гадны улс орнууд Монголчуудыг мориор нь илүү их таньдаг. Чингис хаан хүлгийн туураар дэлхийг тамгалсан гэж түүх сударт ч их тэмдэглэсэн байдаг. Гэтэл юуны учир тэмээг сонгож аялахаар болсон бэ?

-Тэгэлгүй яахав. Монгол адуу хамгийн тэсвэр тэвчээртэй, хурд хүч сайтайгаараа алдартай. Монгол адуу Берлин хүрсэн гэх өр өвтгөм хэрнээ, бахдан дуу алдам түүх бий. Зургаан жилийн өмнө миний таньдаг австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан юм. Тэр үед Монголоос Унгар хүртэл яаж морьтой явдаг байна гэж бодож. биширсэн. Тиймээс дэлхийн олон ч орон монгол морины гайхамшгийг мэддэг. Харин Монголын 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зам туулан уралдуулж, 1108 тэмээ барианд оруулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, ЮНЕСКО-д бүртгүүлснээс өөр ихэнх улс орнууд монгол тэмээний талаар мэдлэг хомс байдаг. Гадаадын жуулчид монголд ирээд морь унаж үзэхээс илүүтэй тэмээг хараад гайхан биширч унаж үзэхийг хүсдэг. Яг л бид зааны нуруун дээр сууж, аялахыг хүсдэгтэй адил. Мөн тэмээ нь ачаа тээвэрлэхэд их тохиромжтойгоос гадна хоёр бөхтэй тэмээ нэг бөхтэйгөөсөө илүү туулах чадвар сайн. Тиймээс ч тэмээн жингийн цуваатай аялаж Монголынхоо ёс заншлыг бусдад таниулах нь хамгийн зөв арга, зөв сонголт байсан.  

-Тэмээнүүдээ хэрхэн яаж сонгосон бэ. Хүнээс зааварчилгаа авсан уу, өөрөө шийд гаргасан уу?

-“Монголын тэмээний холбоо”-нд хандаж “Хоёр бөхтэй тэмээг алдаршуулах талаар юу гэж боддог вэ? Бидний аяллыг дэмжих үү, юугаар туслаж чадах вэ?” гэж асуусан. Гэтэл тус холбооны Ариунсанаа найз минь эерэгээр хүлээн авч, гурван тэмээ бэлэглэсэн. Бусад нь Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдрийн тэмээнүүд бий.

-Гадаад болон дотоодын аялалд явах сонирхолтой болон туршлагатай аялагчдаар багаа бүрдүүлж байгаа гэж сонссон. Та багийнхаа гишүүдийг танилцуулаач?

-Аяллынхаа санааг би гаргасан ч баг сонголт дээр найзууд болоод, туршлагатай аялагчидтай басхүү өөртэйгөө маш их ярилцсан. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг их амаргүй зүйл шүү дээ. Багийн гишүүдээсээ нэн түрүүнд олж харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар нь байсан. Тийм ч хүмүүсийг олж сонгосон юм. Энэхүү аяллын санааг анх би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аяллын маршрут нэг учраас манай баг болооч гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай бaг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Нэг зүйлийг онцлон дурдахад Карл Бушби байгаагүй бол энэхүү тэмээтэй аялал маань бүтэхгүй, мөрөөдөл чигээрээ үлдэж магадгүй байлаа. Надад маш их урам зориг өгч, дэмжиж тусалсан Бушби болоод мөн аялагч Анжела Марие Махвелл нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
-Мэдээж урт хугацааны аялалд гарахын тул нэг гэр бүл, зангидсан гар шиг эв нэгдэлтэй хамт олныг бүрдүүлэх нь маш чухал байх. Тийм үү?

-Яг тийм л хамт олон надад хэрэгтэй. Олон улсын аялагчид байвал арай илүү олон хүмүүст  хүрэх байх гэж бодсон. Гадаад аялагч нар тэмээгээ унахгүй, ачаагаа тэмээн дээр тавиад явна. Харин монголчууд маань тэмээ унаж магадгүй. Гэлээ ч ихэнх нь явган алхаад сурчихсан хүмүүс байгаа. Карл Бушбид гадаад хүмүүсийн багаа бүрдүүлэх даалгаврыг өгөөд, өөрөө монгол бүсгүйчүүдээ олсон. Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнээ танигдсан, чадварлаг явган аялагчид. Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялаж байгаа Э.Эрдэнэчимэг бүсгүй хамт явна.

-Энэхүү аяллын бичлэг зурагтаар олон нийтэд цацагдана гэж сонссон юм байна. Тэр талаар ярихгүй юу. Басхүү аяллын дараах үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Аяллын эхний гурван cap явагдсаны дараа манай аяллын талаар нэвтрүүлэг “National Geography BBC” телевизээр гарч эхэлнэ. “National Geography” манай ивээн тэтгэгч болохоор яригдчихсан байгаа.Харин тус аялал нь маш талын олон ач холбогдолтой. Нэгдүгээрт Монголынхоо түүхэнд бичигдсэн замаар дахин явж, өвөг дээдсийнхээ өв уламжлал, үүх түүхээ ахин сэргээнэ. Би өмнө нь дэлхийн 20 гаруй улс орноор аялаж байсан. Тэр болгонд манай орныг мэдэхгүй хүмүүс их таарч байлаа. Ийм учраас хоёрдугаарт аялаад явж байхад харсан хүн болгон сонирхож, аль улсын иргэн гэдгийг минь асууна. Тэр болгонд эх орноо сурталчилж, өөрсдийн талаарх мэдээллийг түгээх болно.Харин гуравдугаарт Монголын хоёр бөхтэй тэмээг гадаадад алдаршуулахыг зорьсон. Энэ бүхний эцэст маш сайхан үр дүн хүлээж байгаад итгэл дүүрэн байна.

-Хэрхэн, ямар чиглэлээр Европ хүрэхээ хэдийн төлөвлөчихсөн байгаа болов уу. Аяллын маршрутыг сонирхож болох уу. ?

-Маршрутын хувьд хуучны торгоны замуудаар явж байгаад Хятадын хилээр гарна. Торгоны зам гэдэг маань Азиас Европ хүртэлх зам бөгөөд НТӨ 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг байсан. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар худалдаа наймаа хийж байсан тухай уншигчид мэдэх болов уу. Цааш Англи хүртэл Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 12 орныг дайрч өнгөрөхөөр төлөвлөж байгаа. Болж өгвөл ХIII зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явж замаа туулах болно. Тиймдээ ч түүхэнд их ач холбогдолтой аялал болно хэмээн найдаж байна. Өөрсдөө болон тэмээгээ амраах ёстой учраас өдөрт 30 км зам туулахаар төлөвлөгөөнд багтаасан. Тэгэхээр нийтдээ 12 мянга гаруй км замыг туулна.

-Мэдээж аяллын тухай сонсоход  хугацаа зарцуулах нь ойлгомжтой байна. Хэдий хэр хугацаанд аялалаа дуусгахаар төлөвлөсөн бэ?

-Ер нь их яарахгүй байгаа. Тэгээд ч эрт дээр үеэс манай монголчууд “аян замдаа сайн яваарай” гэж ерөөл талбихаас бусдаар бол холын аянд гарахдаа цаг хугацаа товлодоггүй байсан. Ямартаа ч аялалаа гурван жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөөд байгаа.

-Таныг өөрийн гэсэн аяллын компанитай гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-“Offroad Mongolia” гэж аялал жуулчлалын компани ажиллуулаад дөрвөн жил болж байгаа. Манай компанийн үндсэн зорилго нь монгол орны онгон дагшин байгаль, ёс заншил, өв уламжлалыг гадаадын иргэдэд таниулж, мэдээлэл олгох, эх орноо дэлхийд сурталчилахад оршиж байгаа. Магадгүй дээрх аяллыг хийж ирснийхээ дараа тэмээтэй аялал олныг зохион байгуулах болов уу. Манай Монголын говь нутгаар тэмээ унаж аялахыг хүсдэг олон жуулчид олон байдаг.

-Хэчнээн улс орноор аялсан бэ. Нарийн тоо гаргаж үзсэн үү?

-Дамжин өнгөрсөн, үзэж харсан улс орнуудаа тоолж үзвэл 28 хүрсэн. Яг цаг зав гаргаж, үүх түүхийг нь судалж, хүмүүсийнх нь дунд ороод амьдарч, аялж үзсэн 17 орчим юм даа.



-Тэр улс орнуудад зочилж явахад таныг хамгийн их алмайруулж, гайхшруулж байсан газар нутаг, улс орны соёлын өвийг хадгалсан үнэт зүйлс, дурсгалт газрууд олон байсан болов уу. Тэдгээрийн талаар яриач?


-Анх Африк тивийн ноён оргил Климанжораг холоос хараад бахдах сэтгэл төрсөн. Мөн Кавказын сүрлэг өндөр уулсыг хараад өөрийн эрхгүй биширсэн. Тэр том цаст оргилуудын дор орших тосгоны амьдрал, өнгө өнгийн алчуураар толгойгоо ороон үүдэн дээр суух эмгэд гээд ард иргэдийнх нь аж төрөхүй ч өөрийн эрхгүй харц булааж билээ.

Мөн бид багадаа араатны хаан арслан, симбаг их үздэг, бүр сонин хүртэл гардаг байсан шүү дээ. Гэтэл Африкт очоод тэр онгон зэрлэг тал нутагт нар мандахыг үзэхэд үнэхээр үгээр өгүүлшгүй тийм мэдрэмжийг амталсан. Эх нутаг, эх орон нь хүний зүрх сэтгэлийн гүнд байдаг, ээж шиг, аав шиг хүндлэл дунд минь оршдог ч гэлээ тухайн үед эх дэлхий минь үгээр хэлэмгүй гайхалтай, бид бүхний гэр орон юм даа гэдгийг мэдэрч чадсан.

-Ер нь аялахад юу хамгийн чухал нь юу байдаг вэ?

-Аль болох хүний аялж үзсэн, явсан замаар биш өөрөө шинээр зам гаргаж аялах нь чухал гэж боддог. Чиний гаргасан замаар бусад хүн аялна гэж бодоход гайхалтай биз дээ. Дээр нь аялаж буй нутгийн хүмүүстэй эелдэг сайхан мэндэлж, хүндэлж харьцах хэрэгтэй. Буцаагаад тэр хүмүүс чамд хүндлэл үзүүлнэ. Зөв боловсон харьцаа, ёс зүйтэй үйлдэл хүнийг үргэлж чимдэг. Энэ болгоныг чандлан сахиж, үүргэвчээ үүрээд л гэрээсээ гарахад урд чинь дэлхий хэмээх асар том нууцлаг ертөнц хүлээж байна. Би Африкаар аялахдаа нутгийн иргэдийнд хоног төөрүүлэх, гудамжны амьдралыг нь ойлгох, хямдхан буудлуудад бууж явсан. Хүний амьдрал, эхлэх цэг нь энд л байдаг. Дэлхий бол миний хувьд яг л ном шиг, улс гүрэн болгон нь номын өөр өөр “бүлэг” байдаг. Түүний мөр бүрийн нягт нямбай уншиж, судалж, таних мэдэх нь аялагчийн үүрэг.

Ярилцсан: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Related news