Айл өрхүүд сайжруулсан зуух хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 09:36:35

Дундговь аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүд бүрэн шаталтат “Өлзий” зуухыг хүлээн авлаа.

Мандалговь хотын утааг бууруулж, байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдалгүй  бүрэн шаталтат зуухаар гэр хорооллын айл өрхийг ханган, түлшний зардлыг нь хэмнэх зориулалтаар Дундговь аймгийн ЗДТГ “Сайжруулсан зуух” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн гүйцэтгэгч “Сэлэнгэ констракшн” ХХК хоёр зуу гаруй “Өлзий” зуухыг тээвэрлэн авчирч орон нутагт хүлээлгэн өгснийг өнөөдөр айл өрхүүдэд гардууллаа. Зуух авсан иргэд “Сайжруулсан зуух"төсөл хэрэгжүүлэх журмаар зуухны үнээс 50 мянган төгрөгийг хоёр жилд төлж барагдуулах юм. Гэхдээ иргэд  зуух авахдаа үнийн дээрхи хөнгөлөлтийг бараг төлчихсөн байна.

Төсөл хэрэгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 80 гаруй сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд ирэх онд ч мөн энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news