Хятадын Коммунист намын өсөх ирээдүйтэй одод

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-11 14:09:03
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Хятадын Коммунист нам /ХКН/ энэ сарын 18-нд эхлэх XIX их хурлынхаа үеэр намын удирдлагын түвшинд халаа сэлгээ хийх гэж байна. Тус намын их хурал нь таван жил тутамд болдог юм.

ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны удирдлагын багт хамаарах долоон хүнээс Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нараас бусдынх нь үүрэгт хугацаа энэ оны сүүлчээр дуусах юм. Энэ таван хүний халааг авах хүмүүсийг намын XIX их хурлын үеэр  тодруулах учиртай.

Энэ таван хүнээр Ши Жиньпинтэй ойр дотно харилцаатай хүмүүс, найз нөхөд нь тодорч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

ХКН-ын удирдлагад орж ажиллах магадлалтай хүмүүсийг “Би-Би-Си” телевиз нэрлэсэн байна.

 Чэнь Миньэр - Шигийн “итгэлт нөхөр”


Өдгөө 56 настай Чэнь Миньэр нь энэ оны долдугаар сарын 15-нд Чуньцин хотын намын хорооны даргаар томилогджээ. Тэрбээр авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй Сунь Жөнцайн халааг авсан байна.

Чэнь Миньэр улс төрийн карьераа төрөлх нутаг Жөзян мужаасаа эхлүүлжээ. Тус мужийн намын хорооны Үзэл суртлын газарт тэрбээр Ши Жиньпиний удирдлага дор ажиллаж, түүнтэй ойр дотно харилцаатай болсон байна.

Түүнийг Ши Жиньпин намын хорооны даргаар томилохдоо “итгэлт нөхөр” гэж тодорхойлж байжээ.

Ху Чуньхуа – Гуандун мужийн намын хорооны дарга



Ху Чуньхуа  нь Хятадын өмнөд нутагт орших, эдийн засгийн хувьд хүчирхэг Гуандун мужийн намын хорооны дарга болохоосоо өмнө Түвд, Хөбэй болон Өвөр Монголд янз бүрийн салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Өдгөө 54 настай тэрбээр 2006 онд ХКН-ын дэргэдэх Коммунист залуучуудын холбооны анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.

БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн итгэлийг хүлээсэн түүнийг хятадууд “Бага Ху” гэдэг аж.

Ли Жаньшу - Шигийн “хүчирхэг туслах”


Ли Жаньшу бол ХКН-ын Төв хорооны тамгын газрын захирал бөгөөд Шигийн өдөр тутмын ажил хэргийг зохицуулдаг гол туслах нь аж.

Өдгөө 67 настай Ли гадаад болон дотоодод айлчлахад нь Ши Жиньпинийг байнга дагалдан явдаг.  Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долдугаар сард Ши Жиньпинийг Орост айлчлахад нь дагалдан явжээ.

Хөбэй болон Шэньси мужийн захиргаанд удирдах алба тушаал хашиж байсан тэрбээр “чадварлаг удирдагч” гэгддэг байна. Тэрбээр 2012 онд ХКН-ын Улс төрийн товчоо руу дэвшжээ.

Ли нь 1980-аад оны эхэн үеэс хойш БНХАУ-ын дарга Шитэй нөхөрлөж буй дотны анд нь гэнэ. Мөн тэрбээр Авлигатай тэмцэх газрын дарга Ван Чишаний дараа орох Шигийн “хүчирхэг туслах” гэгддэг аж.

Ван Хуньин - “Хятадын Киссинжер”



Ван Хуньин бол ХКН-ын Төв Хорооны Төрийн бодлого судлах газрын захирал бөгөөд дээр дурдсан Ли Жаньшугийн нэгэн адил Ши Жиньпинийг гадаад, дотоодод айлчлахад нь байнга дагалдан явдаг нэгэн аж.
 
Өдгөө 61 настай, Фудуны их сургуулийн судлаач асан тэрбээр бодлого боловсруулж, тодорхойлох арвин туршлагатай бөгөөд БНХАУ-ын дарга асан Зянь Зэминь, Ху Жиньтао нарын зөвлөхөөр ажиллаж байсан хүн гэнэ.

Шигийн гадаад бодлогын гол зөвлөх болох түүнийг “Хятадын Киссинжер” гэдэг байна.
 
Ван Ян - Шадар сайд


Ван Ян бол Хятадын одоогийн Төрийн Зөвлөлийн дөрвөн шадар сайдын нэг бөгөөд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн аж.

Ахмад улс төрч Ван нь 2007-2012 онд Гуандун мужийн намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Ши Жиньпиний  “Бүс ба Зам” санаачилгын ар дахь гол хүн гэнэ.

Түүнийг ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр сонгогдох магадлал хамгийн өндөртэй хүмүүсийн нэг гэж ажиглагчид үзэж байна.

Мөн түүнийг Ли Көчяны халааг ч авах магадлалтай гэж үздэг ажээ.

Хань Жөн - Шанхайн дарга


Хань Жөн нь ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Шанхай хотын дарга, тус хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн гэнэ.
 
Түүнийг Хятадын Авлигатай тэмцэх газар буюу Сахилга батыг хянан шалгах хорооны тэргүүн Ван Шишанийн халааг авах магадлалтай гэж ажиглагчид үздэг аж.

Эдгээр хүнийг ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны удирдлагад орж ажиллаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Энэ сарын 18-нд эхлэх ХКН-ын XIX их хуралд Хятадын өнцөг булан бүрээс 2300 гаруй төлөөлөгч ирж оролцох ажээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх таван жилд баримтлах улс төр, нийгэм-эдийн засгийн бодлогуудаа энэ их хурлын үеэр танилцуулна.
 
Г.Доржханд
Related news